Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гуравдугаар сарын 15-ны өдрөөс газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлсэн.
Нийтийн эдэлбэр газарт газар зөвшөөрөлгүй ашиглаж байсан гараашуудыг буулгах ажил өнгөрсөн жилээс эрчимтэй явагдаж 2021 онд 1,000 гаруй гарааш буулган, тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бол энэ жил 188 байршилд 4,860 гарааш буулгахаар төлөвлөжээ.
Өнгөрөгч 15 хоногийн хугацаанд нийт 26 байршилд 10,658 м.кв талбай бүхий 639 гарааш чөлөөлсөн бөгөөд энэ нь буулгахаар төлөвлөсөн гараашуудын 13% болж байгаа аж. Энэхүү ажил наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Иргэд олон нийтийн зүгээс газар чөлөөлөлтийн ажилд талархалтай хандаж байна. Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба