Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Батсуурь сунгаанаас нэрээ татаж буй талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сонгуулийн сурталчилгааны явцад Дээд шүүх Ардчилсан намын “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн. Ингэснээр Ардчилсан намын дотор шинэ нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн шийдвэр албажин гарах хүртэл намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчилсэн бүртгэлд нийцүүлэн зохион байгуулахыг шаардсан боловч АН-ын Дотоод сонгуулийн хороо бидний саналыг хүлээн аваагүй.
Иймээс АН-ын намын даргын сунгаанаас нэрээ татаж байна. АН-ын эв нэгдэл, шинэчлэл, ирээдүйн төлөө энэхүү шийдвэрийг гаргаж байна. АН шинэчлэгдэж, эв нэгдэлтэй байж 2024 онд заавал ялалт байгуулах ёстой. Энэ ялалтын төлөө би энэхүү шийдвэрийг гаргаж байна. Сонгуулиас нэрээ татсан хэдий ч намаа шинэчлэх үйл хэргээ үргэлжлүүлэх болно" гэлээ.