ОХУ "найрсаг бус" гадаадын орнуудад хийн төлбөрөө рублиэр төлж эхэл, эс бөгөөс нийлүүлэлтээ бууруулна гэж ахин мэдэгдлээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин худалдан авагчид "Оросын банкнуудад рублийн данс нээх ёстой" гэсэн зарлигт гарын үсэг зурлаа. Уг зарлиг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих аж. "Хэн ч бидэнд юу ч үнэ төлбөргүй зардаггүй, бид ч гэсэн буяны ажил хийхгүй. Өөрөөр хэлбэл одоо байгаа гэрээнүүдийг зогсоох болно" гэж Оросын ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Путины тавьсан шаардлагыг барууны хоригт өртөөд байгаа рублийн ханшийг өсгөх гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна. Өрнөдийн компаниуд болон засгийн газрууд хийн төлбөрийг рублиэр төлөх Оросын шаардлагыг евро эсвэл ам.доллароор тогтоосон одоогийн гэрээг зөрчсөн гэж үзээд няцааж буй. Орос Украиныг түрэмгийлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн болон худалдааны хориг арга хэмжээ авсан боловч Европын холбоо АНУ, Канад шиг газрын тос, байгалийн хийд хориг тавиагүй билээ.
ЕХ нь байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг, харин газрын тосныхоо 30 хувийг Оросоос авдаг бөгөөд нийлүүлэлт тасалдвал орлуулах зүйл байхгүй. Үүний зэрэгцээ Орос улс одоогийн байдлаар хийн нийлүүлэлтээсээ өдөрт 400 сая евро буюу 340 сая фунт стерлингийн орлого олж буй. Тийм ч учраас энэ нийлүүлэлтийг бусад зах зээлд шууд шилжүүлэх ямар ч боломжгүй юм.
Ерөнхийлөгч Путины зарласан өөрчлөлтийг ХБНГУ "шантааж" гэж мэдэгдэв. Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек ноён Путины гарын үсэг зурсан шинэ зарлигийг хараахан хараагүй гэж мэдэгдээд "Рублээр төлбөрөө хийх аюул заналхийлэл, шаардлага, анхаарал халамжийн тухайд – юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ гэрээг хүндэтгэх нь бидний хувьд маш чухал" гэжээ.
Харин канцлер Олаф Шольц Германы компаниуд гэрээнд заасны дагуу Оросын хийн төлбөрийг еврогоор төлсөөр байх болно гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Путины гарын үсэг зурсан зарлигт дурдсанаар оросын байгалийн хийг худалдан авагчид Газпромбанкинд данс нээлгэж, түүнд евро эсвэл ам.доллар шилжүүлэх шаардлагатай гэнэ. Дараа нь Газпромбанк үүнийг рубль болгон хувиргаж, дараа нь хийн төлбөрийг нь шилжүүлэх аж.
Францын Эдийн засгийн сайд Бруно Ле Майр Оросын рублийн төлбөрийн талаарх сүүлийн үеийн шаардлагуудтай холбоотой техникийн нарийн ширийн зүйлийн талаар тайлбар хийхээс татгалзсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар улс орнууд шатахууны төлбөрөө рублиэр олгох нь халдлага гарсны дараа огцом унасан ч сэргэж эхэлсэн тус улсын мөнгөн тэмдэгтийг дэмжинэ гэдгийг онцолжээ.
"Инвестек"-ийн газрын тос, байгалийн хийн судалгааны албаны дарга Натан Пайпер хэлэхдээ, ерөнхийлөгч Путин "Европт эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх" оролдлого хийж байгаа нь энэ бөгөөд рублийн гадаад валютын эрэлт нэмэгдэж байгаа нь валютын ханшийг өсгөх магадлалтай гэж дүгнэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр "Орос улс урт хугацаанд байгалийн хийн найдвартай ханган нийлүүлэгч хэвээр байх ёстой учраас хийн нийлүүлэлтийг үнэхээр хязгаарлах эсэх нь тодорхойгүй" гэжээ.
Эх сурвалж: BBC News