Германы Эдийн засгийн сайд ОХУ-аас төлбөрөө рублээр авахыг шаардаж байгаа энэ үед байгалийн хийн нийлүүлэлттэй холбоотой анхааруулга гаргаж буйгаа мэдэгдлээ.
Герман улс байгалийн хийн нийлүүлэлтдээ эрт анхааруулах түвшинг эхлүүлж, ОХУ хийн түлш худалдан авах төлбөрөө рублээр төлөхгүй бол нийлүүлэлтийг зогсоож магадгүй гэсэн болгоомжлолын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээ хэмнэхийг уриалж байгаагаа мэдэгдэв.
Барууны орнууд Оросын рублийн төлбөрийн нэхэмжлэлээс татгалзаж, Украины дайны улмаас Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээг бууруулна гэж үзжээ.
ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабек хэлэхдээ, Орос улс гэрээгээ биелүүлсээр байгаа тул энэ алхам нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг онцлоод компани, айл өрхүүдэд хандан хийн хэрэглээгээ багасгаж эхлэхийг уриалсан байна.
Тэрбээр Берлинд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, "Хэрэв энэ төлбөрийг (рублээр) хийхгүй бол нийлүүлэлтийг зогсооно гэсэн Оросын талаас хэд хэдэн тайлбар ирсэн" гээд Москвад хийн төлбөрийн шинэ журам гаргах төлөвтэй байгааг нэмж хэлэв. Мөн "Энэ нөхцөл байдалд бэлэн байхын тулд би өнөөдөр эрт сэрэмжлүүлэх түвшинг эхлүүллээ" гэжээ.
ХБНГУ-ын Эрчим хүчний сайд бөгөөд дэд канцлерийн албыг хашиж байгаа Хабекийн танилцуулсан анхааруулга нь гурван түвшний анхааруулгын эхнийх нь ба тэрээр хийн хангамжийн байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх хямралын баг байгуулах шаардлагатай байгаа гэв.
Герман улс Украины дайны улмаас ОХУ-аас нийлүүлэх чулуужсан түлшний хараат байдлаа бууруулах арга хэмжээг сүүлийн долоо хоногт хийсэн юм.
Сүүлийн жилүүдэд Герман улс хийн хэрэглээнийхээ 55 хувийг Оросоос импортолдог байсан бол одоо 40 хувь болтлоо буурчээ. Хабекийн хэлснээр, Германы хийн агуулахууд одоогоор 25%-ийн багтаамжтай байгаа аж.
"Хий хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь хэрэглээ, цаг агаар гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална" гэж тэр хэлээд "Хэрэв халаалт их байвал агуулахууд хоосорно" гэдгийг сануулжээ.
Герман улс Оросын байгалийн хийн нийлүүлэлтээ гэнэт зогсооход бэлэн байгаа ч энэ нь "сөрөг нөлөө" үзүүлнэ гэдгийг анхааруулж, эрэлтийг бууруулах замаар хомсдолоос урьдчилан сэргийлэхэд өөрсдийн үүрэг оролцоотой байхыг хэрэглэгчдэд уриалав.
Эх сурвалж: ABC News