Хонконгт коронавирусийн дэгдэлт энэ жил 6000 орчим хүний амь насыг авч оджээ. Тус хот одоо хүн оршуулах авсгүй болж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 1200 авс хотод ирсэн гэж засгийн газраас нь мэдэгдсэн байна.
Орон зайн хязгаарлалтаас үүдэн Хятадын эх газрын ойролцоох хүн ам шигүү суурьшсан тус арлын нутаг дэвсгэрт нас барагсдыг чандарлах нь элбэг байдаг. Мөн авс нь ихэвчлэн мод эсвэл мод орлуулагчаар хийгдсэн байдаг аж.
Ковид-19-ийн улмаас нас барагсдын тоо эрс нэмэгдсэнээс үүдэн авсны хомсдолд ороод байгаа юм. Тиймээс зарим компаниуд байгаль орчинд ээлтэй картон авс гэх мэт хувилбаруудыг санал болгож эхэлжээ. Тухайлбал, LifeArt Asia-ийн дахин боловсруулсан модон эслэгээр хийсэн картон авсыг захиалагчийн хүсэлтээр өөрчилж болох аж. Хонконгийн өмнөд дүүрэг Абердин дахь үйлдвэрт нь өдөрт 50 хүртэл авс үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компанийн Гүйцэтгэх захирал Вилсон Тонг картон авс ашиглахыг эсэргүүцэж буй хүмүүс байгаа гэдгийг онцлоод хүмүүс хайртай нэгнээ оршуулахдаа хүндэтгэлтэй хандахыг хүсдэг учраас цаасан авсанд оршуулсан гэх бодлоосоо эмээдэгтэй холбоотой гэж бодож буйгаа илэрхийлжээ.
LifeArt Asia-ийн үйлдвэрлэдэг картон цаасан авс нь шашин шүтлэг, хобби зэргийг тусгасан загварууд байдаг төдийгүй хүссэн өнгөөр нь үйлдвэрлэж болох онцлогтой.
Компанийн мэдэгдсэнээр чандарлах явцад картон цаасан авс нь мод эсвэл мод орлуулагчтай харьцуулахад 87 хувиар бага хүлэмжийн хий ялгаруулдаг.
LifeArt авс бүр нь ойролцоогоор 10.5 кг жинтэй бөгөөд 200 кг хүртэл жинтэй биеийг даах боломжтой аж.
Хонконгт сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 200 орчим хүн нас барж байгаагийн дийлэнх нь вакцин хийлгээгүй өндөр настнууд байна.
Иргэдэд оршуулгын ёслолын талаар зөвлөгөө өгдөг ашгийн бус "Forget The Not" байгууллага 300 картон авс, хайрцаг худалдаж аваад эмнэлгүүдэд илгээх юм уу шаардлагатай байгаа гэр бүлүүдэд өгөхөөр болжээ. Тус байгууллагын ТУЗ-ийн захирал Альберт Ко "Бид байгаль орчинд ээлтэй, хувь хүний оршуулгын ёслолыг сурталчилж ирсэн. Одоо Хонконгод илүү их авс хэрэгтэй байгааг бид харж байна. Манай эмнэлгүүдэд цогцос хадгалах авс хүрэлцэхгүй байна" гэжээ.
Ко-ийн хэлснээр тус байгууллагатай сүүлчийн зан үйлийнхээ талаар ярилцсан зарим хөгшин хүмүүс эко авс бүтээх санааг нээлттэй, таатай хүлээн авч байжээ. Тиймээс ч "Бид энэ боломжийг ашиглан эко авсыг сурталчлахын зэрэгцээ хувь нэмрээ оруулна гэж найдаж байна" гэж тэр онцлон дурджээ.
Эх сурвалж: Ассошиэйтед Пресс