Япон улсын Осака хотноо зохион байгуулдаг Олон улсын Азийн кино наадмын сүүлийн шатанд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино шалгарч, киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан билээ. Тэрбээр өдгөө СУИС-ийн нэгдүгээр курсын оюутан. “Худалдагч охин” кино нь залуу жүжигчин Б.Баярцэцэгийн хувьд дэлгэцийн анхны уран бүтээл юм. Бид анхны бүтээсэн дүрээрээ амжилт гаргаад буй залуу уран бүтээлчийг онцолж цөөн хором ярилцлаа.
-Азийн кино наадамд шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртжээ. Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн байна уу? Баяраа байна. Үнэндээ анх сонсоод огт итгээгүй. Нэг хэсэг шоконд орсон. Тархинд багтахгүй, зүрхэнд багтахгүй байсан хэрэг. Маш азтай л байсан гэж бодож байгаа. Мундаг найруулагчийн, сайхан хамт олонтой кинонд гол дүр авсан нь үгээр хэлэмгүй. Маш баяртай байгаа.
-Анхны уран бүтээл нь гэж байна шүү дээ. Сурах зүйл их байсан байх?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Нэг зүйлийг ойлгосон нь жүжиглэхдээ гол нь биш юм байна. Үнэн тоглолт, үнэн харц чухал гэдгийг ойлгосон. Дүрээ үнэн байлгах зүйлийг урсгалаараа сурсан гэх юм уу. Миний хувьд өөрөөрөө л байсан гэж болох байх даа.
-Кино багтай хамтарч ажиллах ямар байв даа?
-Кинонд маань 100 сцени байлаа гэж бодоход, би 99-д нь байсан. Амин сүнс нь болсон юм шиг. Кино багийнхан маань бүгдээрээ намайг хайрлаж харьцдаг. Тамхины сцени дээр хордлогод орчихсон байж байхад, сүү уу гээд л. Бүтэн өдөржин зурагтай ядарсан ирж байхад нүүр буддаг эгч нүүрний будаг цэвэрлээд, массаж хийгээд, гар барьж өгөөд унтуулж байгаа юм. Надад маш олон аав, ээжтэй болсон юм шиг санагдаж байсан.
-Бүтээсэн дүрээрээ юу илэрхийлэхийг зорьсон бэ?
-Миний дүртэй ижил охид монголд, дэлхийд байж л байгаа шүү дээ. Аав ээжийнхээ үгээр л явдаг. Түүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн. Хүн өөрийнхөөрөө амьдрах, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх хэрэгтэй. Аав ээж чинь багш бол чи багш байх албагүй. Ийм л байна. Миний хувьд СУИС-д өмнө нь нэг жил сурчхаад завсарлага авсан хугацаандаа тоглосон. Тэгээд дахиад нэгдүгээр курсээсээ эхлээд сурч байгаа.
-Мэргэжлээ сонгоход нь гэр бүлийнх нь зүгээс дургүйцэж байв уу?
-Аав ээжээсээ зөрөөд л СУИС-д орсон. Гэрийнхэн, “Миний хүү багш болчих юм уу, Төмөр замд орох уу, хоолтой, байртай шүү дээ миний охин” гэж байсан. Охиноо алмаар байвал тийшээ оруулахгүй юу л гэсэн дээ.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдлийнхөө тухай яриач?
-АНУ-ын Нью-Йоркд байдаг урлагийн сургууль болох Жулиардад орохыг хүсдэг. Жүжигчнийхээ хувьд топ хүмүүс байдаг шүү дээ. Ерөнхийлөгч, эсвэл гүнж ч юм уу. Тиймэрхүү дипломат дүрийг luxury орчинд бүтээхийг хүсэж байгаа.
-Маш товчхон хариулах юм аа?
-Тийм. Ингэсээр байгаад сурчихсан. Би ер нь ийм л хүн юм билээ.
-Чамайг үзэж, уншиж байгаа залуу үеийнхэндээ юу гэж хэлмээр байна?
-Чиний зүрх юу хүсэж байна, түүнийгээ дагаарай. Зүрхээрээ амьдарч, тархиараа боловсруулах хэрэгтэй шүү.