Украины цэргүүд Оросын олзлогдогсдын хөл рүү буудаж буйг харуулсан видео бичлэгийг Украины эрх баригчид шалгаж байна.
Өнгөрөгч Ням гарагийн өглөө (3-р сарын 27-ны өдөр) олзолсон хүмүүст халдаж, хөл рүү нь буудаж буй бичлэг нийтэд цацагдсан нь ОХУ, Украины эрх баригчдын анхааралд орсон юм. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэнээс хойш янз бүрийн платформ дээр Оросыг дэмжигч аккаунтууд уг бичлэгийг илүү олон хүнд түгээж эхэлжээ.
Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный хэлэхдээ "Оросууд Украины орос хоригдлуудтай зүй бусаар харьцаж байгаа гэж харуулахын тулд "зохиомлоор тайз засан, дэлгэцтэй бичлэг хийж, тарааж байна" гэж мэдэгдсэн байна.
Хэдийгээр зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь ингэж мэдэгдсэн ч Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Алексей Арестович нэн даруй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэж мэдэгдээд "Дайнд олзлогдогсдыг хүчирхийлэх нь дайны гэмт хэрэг гэдгийг манай бүх цэрэг, энгийн иргэд, батлан хамгаалах хүчнийхэнд сануулмаар байна" гэж нэмж хэлжээ.
Мэдээллийн ВВС агентлаг уг видеог шинжилж байгаа аж. Тус агентлаг баримтыг үргэлжлүүлэн нягталж байгаа юм байна.
Бичлэгт юу гардаг вэ?
Украины армийнхан оросын олзлогдсон цэргүүдийг газар хэвтүүлсэн байх бөгөөд олзлогсдын заримынх нь толгойд уут угласан, заримынх нь хөлийн шархнаас цус гарч байгаа нь харагддаг байна. Олзлогсдоос украин цэргүүд харьяалагддаг цэргийн анги, нутаг дэвсгэр дэх үйл ажиллагааных нь талаар байцаах аж. Бичлэгийн дараагийн хэсэгт гурван эрэгтэйг машинаас гаргаж, хөл рүү нь буудаж байгаа зэрэг аймшигт дүрс харагддаг байна.(БИЧЛЭГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ)
Хаана зураг авалт хийсэн бэ?
Твиттерийн нэгэн хэрэглэгч уг бичлэгийг Харьковын зүүн өмнөд хэсэгт орших Малая Рохан дахь сүүний үйлдвэрийн хашаанд хийсэн гэж жиргэжээ. BBC тухайн хэрэглэгчийн хэлсэн байршлыг баталгаажуулахын тулд газар зүйн байршлын хэрэгслийг ашиглажээ. Тус бүсийг саяхан Украины цэргүүд Оросын цэргүүдээс эргүүлэн авсан аж.
Гурван цэргийг буудахын өмнөхөн тэдний ард харагдсан байшингийн элементүүд болох мод (1), яндан (2) болон цонх (3)-ны зургийг Малая Рохан фермийн Google вэб хуудаснаас олсон зураг (2017 оны үеийн зураг)-тай харьцуулжээ.
Бичлэг дээр хашаан доторх цагаан байгууламж ардах байшингаа хэсэгчлэн далдалсан байна.
Бичлэгийн өөр нэг хэсэгт цэргүүд урд талд нь хэвтэж байгаа хэсэгт бичлэг хаана хийсэнийг илтгэх илүү олон сэжүүр болохуйц дүрслэл бий. Жишээлбэл, цагаан байгууламж (4), яндан (1), мод, хар хана (2) бүгд Малая Рохан фермийн хашаан доторхтой таарч байгаа аж.
Видео бичлэгт цаг хугацаа, огнооны тэмдэг байхгүй бөгөөд яг хэзээ зураг авалт хийсэнийг тодорхойлох боломжтой мета өгөгдөл байхгүй. Гэхдээ BBC-ийн шинжээчдийн хийсэн ажиглалт, судалгаагаар тэнгэр цэлмэг, газар хуурай байгаа байдлаар баримжаалан, Харьков орчмын цаг агаарын мэдээгээр уг бичлэгийг 3-р сарын 26-ны бямба гарагт авсан байж болзошгүй гэж дүгнэжээ. Баасан, бямба гарагт цаг агаар хуурай, нартай боловч хүйтэн байсан бол Бямба, Ням гарагийн хооронд шөнөдөө бага зэргийн бороо орсон байна. Мөн бичлэгийн кадр дээрх нарны байрлалыг харахад энэ бичлэгийг үүрээр авсан байх магадлалтай гэжээ.
Олзлогсдыг орос хэлээр байцааж байгаа бөгөөд BBC-ийн мониторингийн хэл хариуцсан шинжээчийн хэлснээр асуулт тавьж буй хүмүүсийн өргөлт нь "Оросоор ярьдаг украинчуудынхтай нийцэж байгаа аж. Өөр нэг шинжээч байцааж буй цэргүүдийн нэг нь Украины зүүн нутгийн аялгатай бололтой гээд Оросоор "говорит" гэхээсээ илүү "ховорит" ("ярих") гэж хэлж байгаагаас нь ингэж тодорхойлж буйгаа илэрхийлжээ.
Олзлогдогсдын нэг нь ангийнхаа байршлыг Бисквитне хот хэмээн хэлж байгаа нь Малая Рохан тосгон болон бичлэг хийсэн гэж үзэж буй сүүний үйлдвэрийн ойролцоо орших хот аж.
BBC-ийн шинжээчид баримтуудыг цаашид нягтлан бичлэг оросуудын хийсэн тавилттай хуурамч бичлэг үү, үнэхээр Украин цэргүүд олзолсон орос цэргүүдэд харгис хандаж дайны гэмт хэрэг үйлдэж байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.
Эх сурвалж: BBC News