Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцийн барилга ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ховд голыг түшиглэн 90 мгв хүчин чадалтай усан цахилгаан станц барих ажлын явц байдлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Баруун аймгуудын өнөөдрийн хэрэглээ 35 мгв байдаг. Энэ станц баригдаж ашиглалтад орсноор ногоон эрчим хүчээр баруун аймгуудын дотоодын хэрэглээг хангах боломжтой болно. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой тэр хэсгийн нөлөөлөлд автсан мал бүхий газар тариалан эрхэлдэг иргэд бий. Нөлөөлөлд автсан 270 гэр бүлийн 1250 иргэн бий.
Нөлөөлөд автсан иргэдийн үндсэн хөрөнгийн үнэлгээг бодож нөхөн олговор олгож байгаа.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зайлшгүй баригдах шаардлагатай. Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангадаг байх ёстой. Бэлчээрийн даац хэтэрсэн энэ цаг үед малчдын эсэргүүцэх нь зүйн хэрэг. Гэвч Монгол Улсын эрх ашиг яригдаж буй стратегийн асуудал дээр усан цахилгаан станцийг зайлшгүй барих шаардлагатай" гэлээ.