Засгийн газрын хуралдаанаар цахилгаан машины хэрэглээг дэмжихэд эрчим хүчний чадамж ямар байгаа талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийжээ.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан машины хэрэглээ нэвтэрсэн тохиолдолд эрчим хүчний салбар цахилгаанаар хангах боломжтой эсэх талаар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Олон оронд цахилгаан машины хэрэглээг дэмжих шийдвэр гаргаад байгаа. Монгол Улс ч олон улстай хөл нийлүүлэн алхах ёстой. Гэвч өнөөдөр Монголд 492 цахилгаан машин байна гэдэг нь хангалтгүй тоо.
Цахилгааны хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй ч нийслэлд хэрэглэгдэж байгаа машины 20-30 хувь нь цахилгаан болсноор оргил ачааллын цагаас бусад цагт цахилгаан машиныг эрчим хүчний хэрэглээгээр хангаад байх боломжтой. Цэнэглэх тоног төхөөрөмжийн хувьд найман станц бий. Нэг квт цагийг 300-1000 төгрөгөөр үнэлж байна. Нэг квт цагийг 300 төгрөгөөр цэнэглүүлсэн тохиолдолд 100 км замыг 5850 төгрөгөөр туулах боломжтой. Энэ нь 2-3 литр шатахуунаар 100 км замыг туулж байна. Харин нэг квт цагийг 1000 төгрөгөөр цэнэглүүлсэн тохиолдолд 100 км замыг 16000 төгрөгөөр туулах тооцоолол гарсан. Энэ нь 100 км замыг туулахад 7-8 литр шатахуун зарцуулж байна" гэлээ.