Сурталчилгаа
Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар “Дахин төлөвлөн барилгажуулах дэд бүтэцжүүлэх төслүүд” улсын анхдугаар зөвлөгөөн Орхон аймагт 4-р сарын 1-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Барилга хот байгуулалтын яам оролцох ажээ.
“Зөвлөгөөнд барилга хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Газар зохион байгуулалт геодези, зураг зүй, Нийслэлийн Засаг даргын эрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн орон сууцны корпораци ХК төрийн захиргааны болон төсөл хэрэгжүүлэгч ААН, Архангай, Булган, Хөвсгөл, Төв, Дархан, Сэлэнгэ аймгуудын төлөөллүүд зэрэг 60 гаруй байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцоно. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого шийдвэрийг гаргадаг албан тушаалтнууд, түүнийг зохион байгуулж хэрэгжүүлдэг АНН-ийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой. Эдгээр байгууллагын төлөөллүүд харилцан санал солилцох, мэдээлэл авах, санамж бичиг байгуулж хамтран ажиллах нь тус зөвлөгөөний зорилго ажээ.
Зөвлөгөөнөөр “хот суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах” төслүүд болон “орлогод нийцсэн орон сууц” төслүүдийг хэрэгжүүлж буй өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Иргэдэд нээлттэй байх үүднээс цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Дахин төлөвлөх, орон сууцжуулах бодлогыг Орхон аймаг гурван чиглэлээр хэрэгжүүлж буй.
Нэгдүгээрт, Хот дахин хөгжүүлэх хуулийн хүрээнд гурван байршилд хотыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал, Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудманд гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын тогтоол гарч, өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулж байна.
Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд талбайд 1,3 га, Говил багт 22,9 га газарт тус тус дахин хөгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Говил багт ашиглалтын шаардлага хангахгүй 24 байрыг буулгах бол Уурхайчин багт ашиглалт, хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй 118 грашийг буулгаж төлөвлөлт хийх юм.
Хоёрдугаарт, сул чөлөөтэй байгаа газарт орон сууц барихаар төлөвлөж буй. Үүний хүрээнд 7 байршилд 3784 айлын орон сууц барих ерөнхий төлөвлөгөөг гаргасан.
Гуравдугаарт, гэр хорооллын газраа өмчлөөд авсан айл өрхүүдийг тухайн газар дээрээ орон сууц барин амьдрах боломжоор хангах ажил хоёр жилийн өмнөөс хэрэгжсэн бөгөөд үүнд 8 баг хамрагдах юм.
Мэдээллийн төв