Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан энэ оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
Хуралдааныг Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Киргизийн хэсгийн дарга, Киргиз Улсын Тээвэр, холбооны сайд Э.Осоев нар ахалж оролцсон юм.
Энэ үеэр Киргиз Улс жимс, жимсгэнэ, нарийн ногоо, оёмол бүтээгдэхүүн Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Мөн талууд цаашид мал аж ахуй, газар тариалан, мод үржүүлгийн чиглэлд бодит хамтын ажиллагааг өрнүүлэхээр болов. Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Улаанбаатар, Бишкек хотуудын хооронд ах дүүсийн харилцаа тогтоох тохиролцоог ойрын үед байгуулахаар ярилцсан байна.