
Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг ОХУ-ын элчин сайд И.К.Азизовын “сүрдүүлгэд” сүрдчихсэн үү гэмээр, ноот бичиг хүргүүлнэ гэж мэдэгдээд, таван хоног сураг ажиггүй таг болов.
Тодруулбал, энэ сарын 24-нд ОХУ-ын элчин сайд И.К.Азизов албан ёсны цахим хаягаараа дамжуулан монголчуудыг сүрдүүлсэн, тусгаар тогтносон улсын дотоод үйл ажиллагаанд оролцож, зааж зааварлахыг оролдсон агуулга бүхий пост бичсэн. Тухайн өдөр ГХЯ-наас ОХУ-ын ЭСЯ-нд ноот бичиг хүргүүлнэ гээд өнөөдрийг хүртэл таг чиг, сураг ажиггүй байсаар байна. Бид энэ талаар ГХЯ-наас тодруулахаар очиход, хуралтай байгаа учраас завгүй гээд энэ асуудалд тайлбар өгсөнгүй.
Мөн бид ОХУ-ын ЭСЯ-наас, Монголчуудыг сүрдүүлсэн пост ямар учиртай болохыг тодруулахаар очиход, элчингийн нарийн бичиг гэх хүн, мэдээлэл өгөх боломжгүй мэйлээр асуултуудаа явуул гэлээ. Бид өнгөрсөн долоо хоногт мэдээлэл авах хүсэлт, асуултын хамт элчингийн мэйл рүү явуулсан ч хариулт ирээгүй тав хонож байгааг хэлэхэд, дахиад хүлээх хэрэгтэй гэсэн юм.
ОХУ-ын ЭСЯ пүрэв гарагт гаргасан мэдэгдлийнхээ дараагаар, мөн л манай улстөрийн идэвхитэй хоёр намд хандаж мэдэгдэл хийсэн.
Үүнд, “Монгол Улс, тус улсын Ардчилсан намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх гомдлын тань үндэслэлийг бид олж харахгүй байна. Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмээн ардчилсан тогтолцооны зарчмыг дээдэлж, уг зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын улс төрийн нэр хүнд бүхий намууд, тухайлбал, Бүгд найрамдах намын зарим гишүүд Украин Улсыг ардчилсан улс мөн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа явдалд Та бүхний анхаарлыг хандуулах завшаан тохиов. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Оросын талын эрхийг Монголын ардчилагчид хасаагүй гэж найдъя…” гэгчлэн бичсэн нь олон нийтийн бухимдлыг нэмсэн юм.
Нөхцөл байдал ийм байхад гадаад хэргийн яам ямар нэгэн мэдээлэл өгч, тайлбар хийхгүй байгаа нь Оросын элчингийн сүрдүүлгэд сүрдчихэв үү гэх хардлагыг төрүүлээд буй.