Украины Батлан хамгаалах яам Оросын дэслэгч генерал Яков Резанцев өмнөд хэсгийн Херсон хотын ойролцоо болсон цохилтын үеэр амиа алдсан гэж мэдэгдэв.
Резанцев Оросын 49-р нэгдсэн армийн командлагч байсан юм. Барууны албаны хүн түүнийг Украинд нас барсан долоо дахь генерал, хоёр дахь дэслэгч генерал болох хамгийн дээд тушаалын офицер гэж мэдэгдэв. Оросын цэргүүдийн ёс суртахуун муу байгаа нь ахлах офицеруудыг фронтын шугамд дайтахад хүргэсэн гэж шинжээчид дүгнэж буй.
Украины цэргийнхний тасалсан ярианд Оросын нэгэн цэрэг Резанцев дайн эхэлснээс хойш дөрөвхөн хоногийн дараа хэдхэн цагийн дотор дуусна гэж мэдэгдэж байсныг дурджээ.
Украины хэвлэлүүд өнгөрсөн баасан гарагт генералыг Херсон хотын ойролцоох “Чорнобайвка” баазад алагдсан тухай мэдээлсэн. Тус баазад ОХУ командын байр болгон ашиглаж байгаа бөгөөд Украины арми хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан юм. Өөр нэг дэслэгч генерал Андрей Мордвичев мөн адил бааз руу хийсэн Украины цохилтод өртөн амиа алдсан гэх мэдээлэл байна.
Херсон бол Оросын цэргийнхэнд эзлэгдсэн Украины анхны хот байсан ч өдөр бүр Оросын эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болдог гэсэн мэдээлэл бий.
Оросын ахлах офицерууд тулалдааны талбарт маш ойрхон байх нь ер бусын бөгөөд барууны албаныхан тэднийг Оросын цэргүүдийн дунд ёс суртахуун, бэлтгэл муу байгаа учраас өөрсдөө фронтын шугам руу шилжихээс өөр аргагүйд хүрсэн гэж үзэж байна.
Украины гэнэтийн хүчтэй эсэргүүцэл, Оросын техник хангамж муу, Оросын цэргүүдийн дунд амь үрэгдэгсдийн тоо их байгаа нь сэтгэл санааны доройтолд нөлөөлж байна гэж үзэж байна.
Оросын зэвсэгт хүчин зарим талаараа харилцаа холбооны нээлттэй систем, тухайлбал гар утас, аналог радио гэх мэт яриаг таслахад хялбар, өндөр албан тушаалтнуудын байршлыг олж авах боломжтой хэрэгслүүдтэй нь эрсдэл дагуулж байгаа гэсэн дүгнэлт ч байгаа юм.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн ойр дотнын хүн Wall Street Journal-д хэлэхдээ, Украинд Оросын офицеруудын ангиллыг онилох зорилготой цэргийн тагнуулын баг ажиллаж байгаа гэдгийг хэлжээ. Одоогийн байдлаар Владимир Путин дайн эхэлсний дараахан хэлсэн үгэндээ хошууч генерал Андрей Суховецкий гэгддэг нэг генерал нас барсан тухай л дурдсан байна.
Украинд дайн эхэлснээс хойш 1351 цэрэг амиа алдсан гэж Оросын тал мэдэгдэж байгаа ч Киев болон барууны албаныхан нас барсан цэргүүдийн тоо үүнээс хавьгүй их гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC