Монгол бөөгийн-Гэр музей, Буянт дэнж төрийн бус байгууллага хамтран өнөөдөр япон бэлэн хувцас үнэгүй тарааж байгаа юм. Энэ мэдээллийг авсан иргэд 06:00 цагаас эхлэн машинтай болон явганаар дараалан зогсож байна. Хувцас тараах мэдээг хоёр хоногийн өмнө Монгол бөөгийн-Гэр музей цахим хаягаараа нийгмийн сүлжээнд тавьжээ.
Дэнжийн 1000 авто баазын ойролцоох өрхийн эмнэлгийн ар талын авто угаалга дотроос нийт 20 тонн япон бэлэн хувцас үнэгүй тарааж байгаа юм.
Тус сайн үйлсийн аяны зорилго нь өрх толгойлсон ээж, аав болон амьдралын боломжгүй иргэдэд хувцас хандивлах аж. Өрхүүдээр тараах байсан ч олон нийтийн эрх ашгийг харгалзаж том зааланд, нэгдсэн хэлбэрээр хувцас тараахаар болжээ. Иргэд тус сайн үйлсийн аянд нэгдэж, өөрт илүү байгаа, бусдад хэрэгтэй зүйлсийг мөн хуваалцаж байгаа юм.
Гэхдээ тус хэсэг олон хүний хөлд дарагдаж байгаагаас замын түгжрэл нэмэгдэж, зарим иргэд өрхийн эмнэлэг рүү очиж чадахгүй байна гэсэн гомдол мэдүүлж буй юм.
Хувцас үнэ төлбөргүй тараах ажил зөвхөн өнөөдөр үргэлжлээд дуусна. Тиймээс хүмүүсийг тэвчээртэй хандахыг зохион байгуулагчдын зүгээс хүсжээ. Тусламжийн бараа авах иргэдийн дараалал 100-200 метр үргэлжилж байна гэж гэж эх сурвалж мэдээллээ.