Гадаадын иргэн, харъяатын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгвэл гуравдугаар сарын 26-наас Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ.
Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдох бөгөөд уг хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1-д заасан хугацаанаас илүүгүй байна. Иргэд:
- Өргөдөл (гадаадын иргэний Монгол Улсад байх зорилго, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
- Визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гаргасан хүсэлтийн эх хувь, бүрдүүлсэн бусад баримт бичгийн хуулбарыг авч ирнэ.
- Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
- Гадаадын иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
- 3.5×4.5 см хэмжээтэй 3 хувь цээж зураг;
- Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);
- Гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харъяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
- Дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
- Амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;
- Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, дипломын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт;
- Тэмдэгтийн хураамж төлсөн байх зэрэг шаардлагыг хангах хэрэгтэй.
Хүсэлтийг баталгаажуулсан тохиолдолд тухайн гадаадын иргэн, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн ирж, оршин суух үнэмлэхээ хэвлүүлэн авах боломжтой. Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. Оршин суух зөвшөөрлийг тухай бүр гурав хүртэл жилээр сунгах аж.
Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр нэг жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
Тиймээс та бүхэн Гадаадын иргэн, харъяатын газрын цахим мэдээлийн хуудаст хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.