Зам тээврийн ослын улмаас дөрөв хоногт 35 хүн бэртэж гурван хүний амь нас хохирсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Тус газарт энэ сарын 21-24-ны хооронд ослын шинжтэй 909 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас амь насаа алдсан гурван хүний нэг нь нийслэлд бүртгэгджээ. Тодруулбал, онхолдож хоёр хүн гэмтэж, нэг нь амь насаа алдсан байна.
Мөн зам тээврийн ослын улмаас хүүхэд өртсөн 5 тохиолдлын 4 нь явган зорчиж байхдаа автомашинд мөргүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ МӨРГӨХ ОСОЛ ХАМГИЙН ИХ БҮРТГЭГДЖЭЭ
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн.
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
СОГТУУ ЖОЛООЧ НАРААС ШААРДЛАГА ЭСЭРГҮҮЦЭХ, ЗУГТАХ ЗӨРЧИЛ НИЙТЛЭГ ИЛЭРЧЭЭ
Цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 371 зөрчил бүртгэгдсэн байна. Үүний дийлэнх нь буюу 303 нь нийслэлд, 68 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн өнгөрсөн шөнө Цагдаагийн байгууллагаас “Зөвийг хэвшүүлье” арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт явуулсан. Энэ үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 375 зөрчлийг илрүүлсэн байна. Үүнээс нийслэлд 222, орон нутагт 153 зөрчлийг тус тус илэрчээ. Мөн 246 тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын үеэр согтуу жолооч нарын дунд гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд дотнын хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлсхийсэн зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.
Согтуу жолооч нарын балгаар өнгөрсөн онд 106 хүн амь насаа алдаж, 205 хүн гэмтсэн байна. Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын байдлаар согтуу жолоочоос болж нийт 13 хүн амь насаа алдаж, 55 хүн гэмтсэн гэх харамсалтай тоон баримт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Амь насаа алдсан хүмүүсийн гурав нь хүүхэд бол нэг нь явган зорчигч, тав нь жолооч байсан аж.