“Гашуун яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт, СУИС-ийн страд дуулаачийн анги төгсөж, 2016 онд My voiсe уралдааны тэргүүн байрын шагнал хүртсэн залуу уран бүтээл Э.Хосбаяр оролцлоо.
Түүний хувьд урлагийн амьдрал дардан байгаагүй, бүтэлгүйтэж бүхнээ алдах үе байсан ч эргээд босох хүчийг ижий ааваасаа авсан талаар ярилаа.
-Сайн байна уу? манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Энхбатын Хосбаяр гэдэг. Төв аймгийн Мөнгөнморьт сумын гаралтай. Багаасаа урлаг соёлд дуртай хайртай хүүхэд байсан. СУИС-д 2010 онд элсэн орж байлаа.
-Оюутан амьдрал хэрхэн эхлэв ээ?
-Хотруу орж ирж үзээгүй хүүхэд байлаа шүү дээ. Хаана юу байдгийг мэдэхгүй. Талбайгаас СУИС-руу л алхаж мэддэг. Метромолын урд СУИС-д элсэх шалгалтын хариугаа хүлээгээд хүрмээ дэвсээд, яг л нөгөө байгалиараа, унтаад хүлээж байсан үе бий. Нэг мэдсэн чинь баахан хүн яав ийв гээд овоорчихсон. Бараг худалч үнэнд түргэн ирчихсэн байсан байх. “Үгүй ээ би энд шалгалтынхаа хариуг хүлээгээд хэвтэж байна. Хэвтэж байсан чинь унтчихаж” гээд л сууж байлаа. Нэг ийм хөгжилтэй түүхээр оюутан амьдрал маань эхэлсэн. Анх бэлтгэл курсдээ “Хурд” хамтлагийн “Монстер” шоунд оролцож байлаа. Тэрэндээ тусгай байр эзэлсэн. Оюутан цаг маань их гоё өнгөрсөн юм даг. Төгсөх жилдээ УГЗ Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ? буюу My voice шоунд эргүүн байр эзэлж байлаа.
-Уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн үе гэж ойлгож болох уу?
-“My voiсe” уралдаанд түрүүлээд олныхоо хүндэтгэлийг хүлээгээд их сайхан байлаа. Яг уран бүтээлийн гараагаа эхэлж байсан үе. Маш сайн төлөвлөж, урлагийн карераа өсгөхөөр компани байгуулсан юм. Бүх зүйлээ шавхаад шүү дээ. Байраа зарсан гэсэн үг. Ингээд л цар тахал гэж аймшигт зүйл гараад миний бодож төлөвлөж байсан бүх зүйлийг унагасан даа. Тухайн үед шалаар нэг, ханаар нэг юм болсон доо. Нэг хэсэг сэтгэл гутралд ч орсон.
-Уналтын үе гэж болох нь ээ. Яаж давж гарав?
-Хамгийн түрүүнд яаж би үүнээс гарах вэ гэж бодоод ээж аав дээрээ л очсон. Хүнд үед ээж аавыгаа л зорьдог юм билээ. Аав тэгэхэд, “эр нэг алдаж, эрэг нэг нураад л биз. Миний хүү битгий гутар. Цаг сайхан болохоор миний хүүгийн ажил сайхан болно оо” гээд л. Миний аав их сэтгэлийн тэнхээтэй. Сэтгэлийн тэнхээ тэр хүнд арай л их байдаг юм. 2012 онд би аавыгаа их эвгүй байдлаар угтсан. Аав моринд их дуртай. Насаараа морь уясан хүн байдаг юм. Адуугаа хөөж яваад мориноосоо унаж нэг хөлөө тайруулахад хүрсэн. Тэгэхэд л би тэр хүнийг ямар их сэтгэлийн тэнхээтэй юм бэ гэж гайхаж билээ. Бидэнтэй хамт байхын тулд, хүүхдүүдээ хямраахгүйн тулд юу ч болоогүй мэт байсан.
-Аав нь тэвчээртэй, буурьтай байхыг үлгэрлэдэг байх тийм үү?
-Аавыгаа авчраад хагалгаанд оруулчихсан байж байхад, “Аавынх нь хөл өвдөөд байна. Бариад өгөөч” гээд л. Би хий зүйл бариад байж байхад хачин гунигтай, хоосон мэдрэмж төрж билээ. Надад үнэхээр сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл харуулж байсан юм. Түүнээс л үлгэрлэж өдийг хүртэл явж байна.
Харин ээж маань, “Тайван орхи миний хүү, бүх зүйлийг тунгааж бодоод юун дээрээ алдсанаа бодож байж дараагийн зүйл рүүгээ ор” гэсэн. Маш их тайвшрал өгч байна шүү дээ. Аав ээж байгаа цагт алзахгүй юм билээ.
Яах вэ мөнгө төгрөг, өр зээл гэх мэт асуудал юу ч биш. Хүн хүнээрээ байх л чухал.
-Тухайн үед бүх зүйл нуран унасан мэт санагдсан уу? уналтын цэгээ давахын тулд та юу хийв ээ?
-Хүний туулах л ёстой зүйл шиг санагдсан. Ингээд л “за больё” гээд арга зам хайсан даа. Угаасаа 2-3 жилийн хугацаанд уран бүтээл хийгээд нэмэргүй боллоо гээд. Бүх зүйл хаасан байсан учраас. Ажиллаад үзье гэж бодсон. Ямар ч байсан өр ширнээсээ гарах нь чухал байлаа. Самарт явж тодорхой хэмжээний өр зээлээ дарж л байлаа. Өөрийнхөө зорилгоос гажаад юм хийх өөр л юм билээ.
-Шантрах үе байв уу?
-Шантарч байгаагүй. Яагаад гэвэл би энэ зүйлдээ маш их хайртай. Миний сонгосон мэргэжил, миний явах зам. Амьдрах цаг хугацаа минь урлаг шүү дээ. Хүн өөрөө л хичээвэл, өөрөө л зам мөрөө зөв авч явж чадвал, хүн байдаг гэдгийг л харсан. Өөрийгөө их дайчилж бас их тэмүүлж байсан. Урлагийн хүн аливаа зүйлийг их бодож байж хийх ёстой санагддаг.
-Таны хувьд аав ээж нь аливаа зүйлд их хөшүүрэг болдог байх нь ээ?
-Тийм. Манай залуучууд одоо их мундаг болсон байна. Өөрийгөө аваад явах чадвартай болсон байна. Гэхдээ тэгж явлаа гээд аав ээжийн үг, дээр үеэсээ өвлөгдөж ирсэн алтан сургаал зэргээ битгий мартаасай гэж хэлмээр байна. Дээдсийн сургаалийг байнга бодож байх нь тун зөв. Би тэр хүмүүсийн хүчинд би босож чадсан шүү дээ.
-Таны цаашдын зорилго юу байна?
-Миний зорьж тэмүүлж байгаа уран бүтээлийн гаргалгаа бол үндэсний хэв маягаа барьсан. Европ барууны хөгжмийг оруулсан. Хосолмол зүйл хийж байгаа юм. Хөгжмийн ая найруулга дээрээ өөрөө ажиллахыг эрмэлзэж байгаа. Үнэ цэн түгээхийг л зорьдог доо.