2022 оны 1-р сарын 20-нд Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийж, чанаргүй зээлдэгчдээ зарласан. Нийт 66 зээлдэгч байгаагаас тал нь буюу 55.3 хувь нь чанаргүй зээлдэгч байна, хэрвээ энэ хүмүүс зээлээ төлөхгүй бол Хөгжлийн банк дампуурч, тэдний зээлийг улс төлөхдөө тулаад байна хэмээн хатуухан мэдээ дуулгасан.
Харин ийнхүү хөгжлийн банк зээлдэгчдээ зарласнаас хойш 100 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдөж, таван ААН зээлээ бүрэн хаасан юм. Гэхдээ энэ хангалттай үр дүн биш.
Учир нь нийт 1.8 их наядын чанаргүй зээлийн ердөө л 100 гаруй тэрбум төлөгдсөн нь нийт төлөгдөх ёстой зээлийн таван хувь л төлөгдсөн гэсэн үг юм.
Ингээд Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын зээл төлөлтийн хугацаа хэтэрсэн, зээлээ зориулалтын бусаар ашигласан, танил тал эрх мэдлээрээ дамжуулж зээл авсан зэрэг асуудлууд ар араасаа ил болж, өнөөг хүртэл нийгмийн анхаарлын төвд энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь хүлээгдсээр байна.
Нийгмийн энэ хүлээлтийг зөв мэдэрсэн эрх барьж буй намын ерөнхий нарийн бичгийн дарга, стратегич гэх Д.Амарбаясгалан 2022 оны 1-р сарын 28-нд мэдэгдэл гаргаж, “Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улс төрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно” зэргээр сүржин даржин тэмцэл “эхлүүлж” байв.
/Д.Амарбаясгалангийн цахим хаягтаа оруулсан МАН-ын мэдэгдэл/
Гэхдээ Д.Амарбаясгалан яг яаж хатуу тэмцэв?
2022 оны 2-р сарын 18-нд МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, зарим гишүүндээ хариуцлага тооцохоор болсон тухайгаа зарласан. Хариуцлага тооцуулсан нь Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарын таван хүн. Тэднийг МАН-ын гишүүнээс хассан юм. Өөрөөр хэлбэл аль 2018 онд ЖДҮ хэрэгт холбогдоод намаасаа хасагдаагүй байсан, нэгэнт хэргийнхээ өмнө хариуцлага хүлээж, улс төрийн замнал нь төгссөн хэддээ хариуцлага тооцов. Өөрөөр хэлбэл ХАТУУ ТЭМЦЭНЭ гэх жүжиг дэглэж, уур амьсгалыг намжаах гэсэн нь энэ. Ард түмнийг тэд тэнэг гэж бодсон уу гэлтэй.
Үүнээс өөрөөр МАН, Д.Амарбаясгалан сүржин үг даржин мэдэгдэл шигээ ямар ч хатуу тэмцлийг хаана ч хийсэнгүй.
Стратегич гэх Д.Амарбаясгалан “хатуу тэмцэнэ” гэж мэдэгдсэнээс хойш өнөөдөр яг 60 хонож байгаа ч жүжиг нь дууссан бололтой нам жим. Яг хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Ц.Анандбазар, С.Бямбацогт, Ч.Ундрам, М.Билэгт зэрэг нэр цохвол одоогийн болон өмнөх 10 гаруй их хурлын гишүүн, төрийн албанд тэр дундаа Сангийн яам, Монголбанканд ажиллаж байгаа намчиддаа ч хариуцлага тооцсонгүй.
Тэд авилга өгч байж зээл авсан байж болзошгүй бизнес эрхлэгчдийг л хэвлэлээр намнуулж байгаагаас зээл өгсөн, бизнес эрхлэгчдээс авлига авсан байж болзошгүй намчдаа өндгөө дарж буй шувуу шиг дарсаар л…
Эл явдлыг анзаарсан редакц, сэтгүүлчид нэгдэн Д.Амарбаясгаланг хэлсэн үгэндээ хүрэхийг сануулж, ХАТУУ ТЭМЦЭНЭ гэсэн чинь яалаа даа хэмээх бичгийг 3-р сарын 18-нд хүргүүлсэн. Энэхүү бичгийг авлаа хэмээн Д.Амарбаясгалан 3-р сарын 20-нд цахим хаягууддаа бичсэн ч түүнээс хойших өнгөрсөн найм хоногт усанд хаясан чулуу шиг дуугүй.
ЖДҮ буюу жижиг бизнес эрхлэгчдийн боломжийн өмнүүр орж 950 саяыг тус бүр халаасалсан намчдаа яаж ч чадаагүй МАН их наядаар тоологдох хулгайгаа ч мөн яаж ч чадахгүй нь тодорхой болж байна.
МАН-аас тэр тусмаа залуу стратегич гэх Д.Амарбаясгалангаас хатуу тэмцэл, хариуцлага тооцохыг хүлээх нь бухын доодохыг харж үнэг турж үхэхтэй ялгаагүй болж байх шиг. Д.Амарбаясгалаан жүжиг чинь дуусчхаагүй юм бол дараагийн үзэгдлээ үзмээр байна?