ХӨСҮТ-д 2021-2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг өнөөдөр танилцууллаа. ЭМЯ-наас ХӨСҮТ-ийн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээнд 35.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулжээ. Тодруулбал,
2021 онд
- Бүтээн байгуулалт – 3
- Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр хийсэн их засвар – 4
- ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийсэн их засвар – 9
- Өөрийн хөрөнгөөр хийсэн их засвар – 11
2022 онд таван их засвар хийхээр төлөвлөжээ. Тэр дундаа ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийх ажлуудад ХӨСҮТ-ийн барилгын их засварт нэг тэрбум төгрөгийг тусгасан ба доорх ажлуудыг хийхээр төлөвлөж худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна гэв.
- Хүүхдийн уушгины тасгийн Их засварт 259.4 сая төгрөг
- Уушгины хоёрдугаар тасгийн их засварт 315.4 сая төгрөг
- Насанд хүрэгчдийн цочмог гепатитийн 5 дугаар тасгийн их засварт 388.2 сая төгрөгийг тус тус зарцуулах юм байна.
Мөн энэ онд ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлтийн албаны Амбулаторийн тасгийн их засвар, ХАЯТТасаг, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн дээврийн их засварын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "ХӨСҮТ бол ковидын үед ачааны хүндийг үүрсэн. Бид олон жилийн турш ХӨСҮТ-ийн их засварыг хойш нь тавьсантай холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлд багагүй өртлөө. Иргэд, өвчтөнүүдийн тав тух алдагдсан, ариун цэврийн байгууламж, нөхцөл байдал амаргүй болсныг хүмүүс шүүмжилж байв. Тиймээс бид 2021 онд ХӨСҮТ-ийн тулгамдаж буй асуудлыг шийдэхээр 35.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан.
ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтаар ХӨСҮТ-ийн барилгын засварын ажил, шинэ барилга, тоног төхөөрөмж гэсэн гурван чиглэлд хөрөнгө оруулалт хийлээ. Тэр дундаа 2021 онд маш богино хугацаанд вакцин, био бэлдмэл хадгалах агуулахыг 5,8 тэрбум төгрөгөөр барьж хүлээлгэн өгсөн. Мөн био аюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн, бүрэн тоноглогдсон лабораторийг 22,1 тэрбум төгрөгөөр барьсан. Түүнээс гадна ХӨСҮТ-ийн их засварт 945 сая төгрөгийг зарцуулсан. ХӨСҮТ ч мөн өөрийн нөөц бололцоогоор засваруудыг хийжээ. Био аюулгүй байдлын лаборатори болон ХӨСҮТ-ийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж зэрэгт нийт 35,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тус төв олон барилгатай ба цаашдаа ч засаж, шинээр барихаар 2022 оны төсөвт их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд засварууд энэ ондоо ч үргэлжилнэ" гэж ярилаа.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "2021 онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийлээ. Тэр дундаа том гурван том бүтээн байгуулалт, Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр дөрвөн ажил, ЭМЯ-наас есөн ажил, ХӨСҮТ өөрийн хөрөнгө оруулалтаар 11 ажлыг тус тус хийжээ. Нийт 8567 метр квадрат талбай бүхий Био аюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн BCL лаборатори нь хүн эмнэлгийн салбарт хамгийн анхных боллоо. Энэ нь урсгал, хасах болон сөрөг даралттай өрөө, шинжилгээ хийх нөхцөл бүрдсэнээрээ онцлог бүтээн байгуулалт юм. ХӨСҮТ нь нийт долоон лабораторитой ба BCL лабораторидоо төвлөрч ажиллаж байна. Мөн барилга байгууламжаас гадна ЭМЯ-наас 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмж шинэчилсэн" гэлээ.