Монгол Улс валютын хомстолд орж, ам.долларын ханш өсөөд буй. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид хүнд байдалд орж байгаа талаар цахим сүлжээнд бичиж байна.
Тухайлбал, “Монос” группийн захирал Л.Эрдэнэчимэг өөрийн твиттер хуудастаа “Валют олдохгүй байгаа болохоор гадаад гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болов. “Force majoure” нөхцөл үүссэн талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимыг тодорхойлолт гаргаж өгөөч гэж хүсэлт тавилаа. Яг ийм нөхцөл үүссэн эсэхийг судална гэнэ дээ. Одоо болтол судлахгүй яасан юм” гэж жиргэжээ.
Түүнчлэн “Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн эм, хавдартай иргэдийн эм, даралт, сахарын эм, уналт таталтын эм гээд эмгүй бол үхэх хүн зөндөө байгаа шүү. ЭМЯ юу бодож байна даа. Валют байхгүй, эм байхгүй” гэжээ.