УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татан авч байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв.
Уг хуулийн төсөлд:
- Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
- Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн уг хуулийн төсөл УИХ-ын гишүүд болон олон нийтийн зүгээс нэлээн шүүмжлэлд өртсөн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шаардлагыг 100 мянган ам.доллар байсныг 50 мянга болгож бууруулж байгаа юм байна. Ингэснээр Монголд орж ирэх хөрөнгө оруулагчдын гэр бүлийн хүмүүсийн тоо хэдээр нэмэгдэх үү, манай улсад ирэх ашиг нь юу вэ. 50 мянган ам.доллар гэдэг нь 150 сая хүрэхгүй төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын иргэдэд манай улсад байнга оршин суух эрхтэй болоод байх юм байна. Эсвэл хууль бусаар Монголд байгаа гадаадын иргэдийн хууль ёсоор байлгах боломж олгож байгаа юм уу" гэхчлэн асууж байв.
Харин хуулийн төслийг дэмжсэн Т.Доржханд гишүүн "Дэлхий хүйтэн дайнаас холдсон шүү дээ. Юун визний асуудал, юун цагаачид орж ирэх, юу яриад байгаа юм бэ. Цагаачид чинь мөнгө барьж орж ирэхгүй. Хятадууд ороод ирнэ гэж хачин юм яридагаа больцгоо. Ийм зүйл парламент дээр ярих юм бол энэ улс чинь хөгжихгүй шүү дээ. Үргэлж ийм популизм ярих юм бол энэ улсад залуучууд тогтохгүй" хэмээн байр сууриа илэрхийлж байсан.
Ийнхүү багагүй маргаан дэгдээсэн хуулийн төслөөс Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд нэрээ татсанаар уг асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг татах авах болсон шалтгааныг ийнхүү тайлбарлав.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн эрчимжүүлэх "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд үе шаттайгаар өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг 2022 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн. Уг хуулийн төслийн хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа" гэлээ.