Украины эзлэгдсэн Бердянск боомт хотод Оросын десантын хөлөг сүйрч, өөр хоёр хөлөг онгоц гэмтсэн талаар Украины албаныхан мэдэгдлээ. Ингэхдээ пүрэв гарагийн үүрээр Оросын хөлөг онгоц шатаж буй бичлэг нийтэлжээ.
Бүслэгдсэн Мариуполь боомтоос баруун зүгт орших Бердянск хотыг Оросууд Украин руу цөмрөн орсноос хойш дөрөв хоногийн дараа эзлэн авсан бөгөөд Орос улс тус боомтыг цэргүүддээ техник хэрэгсэл тээвэрлэх бааз болгон ашиглаж байв.
Орск хэмээх уг хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногт Бердянск хотод ирсэн нь Оросын анхны байлдааны хөлөг онгоц байсан тул Оросын армийн телевизүүд "баатарлаг үйл явдал" хэмээн магтан нэвтрүүлж байжээ.
Оросын төрийн телевизийн сурвалжлагч Мурад Газдиевын дроноор авсан дүрс бичлэгт хуягт тээвэрлэгчийг Орск боомтоос буулгаж буйг тодорхой харуулсан аж. Тус хуягт машинуудыг Оросын цэргийг бэхжүүлэхэд ашиглах ёстой тухай Мурад Газдиев мэдээнийхээ төгсгөлд онцолжээ.
Тэнгисийн цэргийн хүчин болон олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео бичлэгт пүрэв гарагт орон нутгийн цагаар өглөөний 07:00 (GMT 05:00) цагт боомтод дэлбэрэлт болж, том хөлөг онгоц шатаж байгааг харуулсан байна.
Орскыг устгасан гэж мэдэгдэж байсан ч гал бусад хөлөг онгоцууд болон боомт дахь зэвсгийн агуулах, түлшний терминал руу тархсан байна. Хэргийн газрыг харуулсан бичлэгт хоёр хөлөг онгоц боомтоос хурдтай явж буйг харуулжээ. Батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр Украины телевизэд хэлэхдээ, "цэргийнхэн 20 танк, 45 хуягт машин, 400 цэрэг тээвэрлэх чадалтай асар том бай"-г оносон гэжээ. Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын дэмжлэгтэй гэгддэг хэвлэл мэдээллийн RT агентлагт ажилладаг Газдиев Украины пуужингууд Бердянск боомтыг удаа дараа онилж, пуужин бүрийг Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин саатуулсан гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж: BBC News