/Баруун гар талаас УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, ҮХЦ-ийн дарга Н.Чинбат/
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат нь 1956 онд төрсөн, одоо 66 настай. Монгол улсад яг одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар түүний тэтгэвэрт гарах нас нь болсон ч тэтгэвэртээ гарахгүйн тулд Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг үндсэн хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгчээ. Д.Ганзоригийг шүүхэд өгсөн учир нь Улсын дээд шүүхээс хуулийн дагуу ҮХЦ-ийн даргын тэтгэвэрт гарах нас нь болсон тул цэцийн гишүүний орон тоог нээлттэй зарласан байна. Гэтэл үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэрт гарах боломжгүй гэдгээ хэлээд улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг шүүхэд өгчээ.
Энэ талаар өчигдрийн парламентийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Энхбаяр,” Хуулийн байгууллагууд дунд маш том зодоон явж байгаа юм байна. Энэ нь үндсэн хуулийн хямрал руу түлхэх нь ээ. Бид үүнийг анхаарахгүй орхиж болохгүй, энэ бол үндсэн хуулиасаа давсан алхам. Үндсэн хуулийн дээд байгууллага маань үндсэн хуулийнхаа дээр гараад ямар хууль надад үйлчлэх вэ, ямар хууль надад үйлчлэхгүй вэ гээд яриад сууж байна. Монгол улсын бүх төрийн албан хаагчдад тэтгэврийн нас яг адилхан үйлчилдэг. Гэтэл цэцэд үйлчлэхгүй гэж байна. Ийм зарчимгүй зүйл болоод байгааг Х.Нямбаатар сайд мэдэж байгаа юу” гэв.
Хууль сахиулах, мөрдөх, хэрэгжүүлэх үүрэгтэй, үлгэр жишээч байх учиртай ҮНДСЭН ХУУЛИЙН МАНААЧ НЬ ӨӨРӨӨ хуулиас давсан эрх мэдэлтэй байх гэж улайрч болох уу?
Н.ЧИНБАТЫН НАМТАР
1956 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол:
1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
1979 онд МУИС-ийн хуулийн ангийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн магистр, Монгол Улсын гавьяат хуульч цолтой,
Ажилласан байдал:
1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч,
1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан байдал:
Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:
-Монгол Улсын Их Хурлын1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн.
Улсын дээд шүүхийн санал болгосноор:
-Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна.
-2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон.