/ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов/
Монгол дахь Оросын Холбооны Улсын элчин сайдын яам хоёр цагийн өмнө албан ёсны пээж хуудас, твиттэр хаягтаа нэгэн пост орууллаа.
Постод
Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд:
Трампын зөвлөх асан Украины тухай үнэнийг дэлгэв
Донбассыг хамгаалах цэргийн тусгай ажиллагааны хүрээнд Оросын явуулж буй үйл ажиллагаа нь зөвхөн хамгаалалтын шинж чанартай бөгөөд АНУ-ын ард иргэдэд Украинд болж буй үйл явдлын талаар бодитой мэдээллийг өгөхгүй байна хэмээн Дональд Трампын зөвлөх асан Рожер Стоун Real America’s Voice агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
«Украин нь хэвлэл мэдээллийнхний ачаар бидний төсөөлж байгаа улс орноос огт өөр. Үнэн хэрэгтээ бол украинчууд газар нутгаа давхар харвалттай пуужингууд байрлуулахад ашиглуулсан. Үнэн хэрэгтээ бол тэнд манай татварын орлогоор санхүүждэг био лабораториуд байдаг бөгөөд тэнд Оросын ард түмний дунд тараах ямар аймаар тахлын нянг боловсруулж байгааг бурхан л мэдэх байх. Путины ажиллагаа хамгаалалтын болохоос довтлолтын биш. Гэвч хэвлэл мэдээллийнхэн энэ тухай огт дурддаггүй» гэж Цагаан ордонд ажиллаж байсан улс төрийн зөвлөх асан хэлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын экс ерөнхийлөгчийн зөвлөх асан тэрээр Киевийн эрх баригчдыг ардчилсан гэж нэрлэх ямар ч аргагүй, тиймээс Украинд ардчиллыг дэмжих тухай АНУ-ын улс төрчдийн мэдэгдлүүд нь үнэмшилгүй сонсогдож байгааг онцолжээ.
Сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Зеленский сөрөг хүчний намаас нэр дэвшсэн хүнийг баривчилж, намыг нь хууль бус хэмээн зарлаж, Засгийн газрын байр суурийг шүүмжилсэн гурван телевизийн сувгийг хаасан. Энэ бол яагаад ч ардчилал биш» гэж тэр хэлэв.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украиныг цэрэггүйжүүлэх тусгай цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Владимир Путин зорилгоо «Найман жилийн турш Киевийн дэглэмд дээрэлхүүлж, хоморголон устгагдаж буй ард иргэдийг хамгаалах» гэж тодорхойлсон. БХЯ-ны онцлон тэмдэглэснээр, ОХУ-ын Зэвсэгт хүчин нь Украины зөвхөн цэргийн дэд бүтцүүдэд болон цэргийн ангиудад цохилт өгч байгаа ба энгийн ард иргэдэд юу ч заналхийлээгүй.
Эх сурвалж: РИА Новости (https://goo.su/oHGpV) гэж бичжээ.
Бид энэхүү посттой холбоотой ГХЯ-ыг ямар байр суурьтай байгаа талаар тодруулахад, “Постыг уншсан, бид энэ асуудлаар хоорондоо зөвлөлдөж байна” гэв. Харин ОХУ-ын ЭСЯ-аас энэ постын талаар тодруулахаар манай сэтгүүлч ажиллаж байна.
Цахим орчинд иргэд ОХУ-ын ЭСЯ-ны бичсэн энэхүү постыг “тусгаар тогтносон улсын дотоод асуудалд оролцсон, Монголчуудад зааж зааварлахыг оролдсон, энэ бол 1990 оноос өмнөх цаг хугацаа биш, хоёр орны дипломат харилцааны хэм хэмжээг зөрчсөн” зэргээр сэтгэгдлээ илэрхийлж бичсээр байгаа юм.