Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдан, бодлогын хүүг өсгөх, эсэхийг хэлэлцжээ.
Хоёрдугаар сарын статистик дүнгээр инфляц улсын хэмжээнд 14.2, нийслэлд 15.5 хувьд хүрсэн. Иймд бодлогын хүүг (одоо 6.5 хувь байна) өсгөж, 9 хувьд хүргэлээ.
Энэ сарын 22-нд болсон хэвлэлийн хурлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Миний хувийн байр суурь бол бодлогын хүүг алгуур буюу 0.5 хувиар өсгөх нь зөв. Ковидын дараа эдийн засаг эргээд сэргэж байгаа тул бодлогын хүүг огцом өсгөвөл зээл олголт удааширна, эдийн засгийн өсөлтийг хязгаарлана. Иймд алгуур өсгөх нь зөв. Гэхдээ Мөнгөний бодлогын хорооны долоон гишүүн хамтран эцсийн шийдвэрийг гаргадаг. Бодлогын хүү төгрөгийн ханштай шууд холбоогүй. Бид өмнөх хурлаараа бодлогын хүүг 6.5 хувиас дээш өсгөсөн бол өнөөдөр төгрөгийн ханш өсөхгүй байсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Бодлогын хүүг өсгөснөөр төгрөгийн зардал л өснө” гэсэн юм.
Төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын алдагдалтай байгаа, ОХУ-ын эхлүүлсэн дайн манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Манай улсын гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.доллар байгаа нь импортын 6-7 сарын хэрэглээг хангана.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа:
-Дайны улмаас дэлхийн нийтээр 2-3 хувийн инфляцын өсөлттэй байна. Энэ үзэгдэл манай улсыг тойрсонгүй. Бид инфляцын төсөөллөө өөрчлөн, энэ оны эцэс гэхэд 13 хувь байна гэж тооцоолж байна. Тодорхойгүй байдал үүссэн тул бид эрсдэлээ бууруулах зорилгоор бодлогын хүүг өсгөлөө. Төгрөгийн ханшийг тогтворжуулах нь энэ шийдвэрийн бас нэг үндэслэл мөн. Хөгжиж буй орнуудын мөнгө 6 хувиар унаад байна. Өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал дараалан буурсан нь бидний санааг зовоож байна. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ ажилгүйдлийн өсөлт саарсан сайн шинж тэмдэг байна. Хямралаас аль болох хурдан гарахын тулд, банкуудын зээл олголтыг эрчимжүүлэхийн тулд бодлогын хүүг нам дор түвшинд хадгалж байв.
Ерөнхий эдийн засагч Б.Ган-Очир:
-Энэ онд "Оюу толгой"-н зэсийн баяжмал дахь алтны агууламж буурна. Мөн хэд хэдэн шалтгааны улмаас бид энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгаа 2.6 хувь болгон буурууллаа.