УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны нэгдүгээр тогтоолоор Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат нар Геронтологийн үндэсний төв болон ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлдэг “Наян зургаа дөрвөн зуу” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажиллав.
Ахмадууд Геронтологийн үндэсний төвийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг УИХ-ын гишүүдээс хүслээ.
Геронтологийн үндэсний төвийн барилгын шавыг Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 онд тавьсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Энэ хугацаанд зураг төсөл нь гурван ч удаа өөрчлөгдөж, төсөвт өртөг нь ч нэмэгджээ. Хамгийн сүүлд 2019 онд эмнэлгийн барилгын зураг төслийг дахин шинэчилснээр төсөвт өртөг 17.3 тэрбум төгрөг болсон байна. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэлийн явц 46 орчим хувьтай байгаа бөгөөд барилгыг ашиглалтад оруулахад 13.8 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Гэтэл энэ санхүүжилтийг 2022 оны төсөвт тусгаагүй байна.
Тус төв нь Монгол Улсын хэмжээнд ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, оношилгоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, аргачлал боловсруулах, эмч эмнэлгийн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, судалгаа шинжилгээ хийх зорилготой ажилладаг цор ганц байгууллага юм.
Гэтэл энэ үндэсний төв өнөөдрийг хүртэл 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж иржээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XI хороо, Цагдаагийн гудамжинд байрлах Геронтологийн үндэсний төвийн одоогийн байр 1956 онд ашиглалтад орсон 1,800 м2 талбай бүхий хоёр давхар байрны нэг давхрын 512 м2 талбайд ердөө 16 өрөөнд ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Учир нь энэ барилгын хоёр болон нэг давхар нь хувийн эмнэлгүүдэд хувьчлагдсан буюу “Геронтологийн үндэсний төв” гэсэн хаягтай энэ барилгын талбайн тал илүү хувь нь хувийн хэвшлийнхний мэдэлд байдаг. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр удаагийн шалгалтаар мөөгөнцөртэй, мэрэгч шавжтай, үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Үүнээс өөр үйл ажиллагаа явуулах байр байхгүй тул ахмад настны эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хувийн шүдний эмнэлгийн кабинетыг тус төв өөрсдийн нөөц бололцоогоор түрээслэн үйл ажиллагаа явуулдаг аж. Стандарт шаардлагад нийцэхгүй ч нэг өрөөнд хоёр өөр төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг тус төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал хэллээ.
2015 онд дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг (901 сая) 60 ба түүний дээш насныхан эзэлж байсан бол 2050 онд 21.5 хувийг эзлэх төлөвтэй болжээ. Энэ нь 2050 онд дэлхийн хүн амын таван хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насны хүн байна гэсэн үг юм. Манай улсын хувьд насжилтын төлөв нэмэгдэх хандлагатай болжээ.
Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлж буй ахмадууд шинэ эмнэлгийн барилгыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахыг гишүүдээс хүсэж байлаа. Тус төв найман төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээ болон гэрийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Жилд дунджаар 70-80 мянган ахмад настанд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ахмадуудын дунд зүрх судас, яс булчингийн тогтолцоо, мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл түгээмэл байдаг байна.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.