Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24 -ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулга
Хуралдааны эхэнд Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хяналтын байгууллага эрсдэлд суурилж хяналт тавьдаг. Үүн шиг МХЕГ эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдэд байнга хяналт шалгалтаа хийж байхаас өөр аргагүй. Мөн байгаль орчны, барилга, зам гүүрний хяналтуудыг зогсоож болохгүй. Мэргэжлийн хяналтын зөвлөн туслах үйлчилгээ яваагүйгээс болох санамсаргүйгээс алдаа гаргавал яах уу. Аюултай байдал, эрсдэлээс иргэдээ хамгаалахын тулд хяналт шалгалтын байгууллага байгаа шүү дээ.
Хууль зүй, дотоор хэргийн сайд Х.Нямбаатар: Хяналт шалгалтын давхардлыг арилгах чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Тухайлбал энэ тавдугаар сард Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина. Өөрөөр хэлбэл нэг аж ахуйн нэгжид төрийн хэд хэдэн хяналт шалгалт давхардаж хийгддэг энэ үйлдлийг таслан зогсооно. ААН-үүдтэй хариуцлагын гэрээ байгуулах замаар төрийн зарим төлөвлгөөт хяналт шалгалтыг гурван жилийн хугацаатай зогсоох хуулийн төслийг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Ирэх тавдугаар сард Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар төлөвлөж байгаа бол ийм богино хугацааны хууль дахин батлах шаардлагагүй гэж үзэж байна. Зарим төрлийн хяналт шалгалтыг үйл ажиллагааг түр зогсооно гэнэ. Яг ямар хяналт шалгалт гэдэг нь тодорхойгүй байна. Үүний оронд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын ёс зүйд анхаармаар байна. Хүнс, эмийн аюулгүй байдал эрсдэлд орно шүү.