Засгийн газар Хөгжлийн банкийг шалгах тогтоол гаргаж, 2016 онд ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Гэвч энэ шалгалтын дүгнэлтийг улсын нууцад хамааруулаад байсан юм. Энэхүү шалгалтын дүгнэлтийн заримыг улсын нууцаас гаргана гэж одоогийн засгийн газраас мэдээлж, 132 хуудас бүхий дүгнэлт олон нийтэд ил боллоо.
Дүгнэлтээс анхаарал татахуйц мэдээллийг бид цувралаар хүргэж байна.
Дүгнэлтийн 26-р хуудаст Монголын шилдэг нийтлэлчдийн клуб ТББ 60 сая төгрөгийн өртөг бүхий Монгол улсын хөгжлийн банкны олон нийттэй харилцах бодлогод мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт тавих гэрээг шууд хийснийг бичжээ.
Мэргэжлийн зөвлөгөө, ажил үйлчилгээ авах нь аливаа байгууллагын хувьд болохгүй зүйлгүй ч ХӨГЖЛИЙН БАНК нийтлэлч Баабар тэргүүтэй энэ ТББ-тай хамтран ажиллахдаа “Монгол улсын хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ, худалдан авах” журмаа зөрчиж, гэрээ хийжээ. Өөрөөр хэлбэл гэрээ хийсэн 2014 онд тухайн үеийн хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат олонх гэрээгээ шууд хийсэн, үнийн харьцуулалт хийгээгүй, ажил үйлчилгээ үзүүлэх журмаа мөрдөөгүй зэрэг зөрчлүүд гаргасан байсныг энэхүү ажлын хэсгийн дүгнэлтэд бичжээ.