Аврагчид Хятадын өмнөд хэсэгт онгоцны ослоос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд зорчигчдын ар гэрийнхэн ойролцоох нисэх онгоцны буудалд цугларчээ. Тэд ослын газраас ирэх мэдээг хүлээж байна.
Хятадын зүүн чиглэлийн MU5735 нислэгийн онгоц 132 хүнтэй явж байхдаа Гуанси мужид толгод мөргөж осолдсон юм. Энэхүү эмгэнэлт явдлын дагуу Ши Жиньпин дарга бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулах тушаал өгчээ.
Вужоу дахь ослын газар руу олон зуун аврагчдыг илгээсэн гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэв.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр онгоцны хэсгүүдийг олсон бөгөөд уулархаг, бартаатай газраар онгоцны хэсгүүд тарсан байдалтай олдсон гэсэн мэдээлэл цацав. Хэргийн газарт ажиллаж буй сэтгүүлчдийн мэдээлж буйгаар онгоц осолдсоны улмаас тухайн газарт ойн түймэр дэгдсэнийг аврагчид унтраасан ажээ.
Уг ослоор амиа алдагсдын тоо одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд амьд үлдсэн хүн байхгүй болов уу гэсэн болгоомжлол байгаа юм. Холбогдох албаныхан болон мөрдөгчид хэргийн газарт ажиллаж байх хооронд зорчигчдын гэр бүл, найз нөхөд Гуанжоугийн олон улсын нисэх онгоцны буудалд цугларчээ. Цугларагсдын нэг өөрийгөө Тан хэмээн танилцуулсан эрэгтэй Ройтерс агентлагийн сурвалжлагчид осолдсон онгоцоор зорчиж явсан залуутай хамт ажилладаг байсан гэдгээ хэлээд харамсалтай мэдээг ээжид нь дуулгаснаа ярьжээ. “Ээж нь ийм зүйл болсонд итгэж чадаагүй. Аль болох хурдан энд ирнэ гэж хэлсэн. Хүү нь дөнгөж 29 настай байсан шүү дээ” хэмээн харамсан ярьжээ.
Агаарын тээврийн компани Ужоугийн ослын газарт зорчигчдын гэр бүлийнхнийг авчрах арга хэмжээ авч байгаа аж. Гуанжоу нисэх онгоцны буудлын тусгаарлагдсан бүсэд цугласан осолдсон онгоцонд зорчигчдын ар гэрийнхэн цугларч, ослын газраас ирэх мэдээг хүлээж байна.
Сануулахад, MU5735 нислэг агаарт нэг цаг гаруй хугацаанд байсан бөгөөд Гуанжоу руу ойртож байх үед хөлөг онгоц өндрөөс гэнэт унажээ. Хятадын төрийн телевизүүд тийрэлтэт онгоц хамраараа газар мөргөн унаж буй бичлэг цацсан гэх мэдээлэл байгаа юм. Машины хяналтын камерт бичигдэж үлдсэн гэх уг бичлэг олон нийтийн сүлжээнд байршаагүй байгаа учир онгоцны ослын нотолгоо болж чадахгүй юм.
FlightRadar24-ийн мэдээлснээр, онгоц 29,100 фут өндөрт нисч байсан боловч хоёр минут 15 секундын дараа 9,075 фут өндөрт бүртгэгдсэн байна. Нислэгийн талаарх хамгийн сүүлд эх сурвалжаас авсан мэдээллээр нислэг 3225 фут өндөрт орон нутгийн цагаар 14:22 цагт дууссан байна.
Агаарын тээврийн компани болон Хятадын нисэхийн удирдлагууд ослын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байна. Гэвч ослын шалтгааныг тогтооход тус болох онгоцны хар хайрцаг болон бусад тоног төхөөрөмжийг хэргийн газарт аваачсан хүмүүс хараахан олоогүй байгаа аж.
Үндэсний гурван том төрийн өмчит агаарын тээврийн компанийн нэг болох China Eastern Airlines-ийн зсүгээс хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр бүх Боинг 737-800 онгоцуудаа зогсоож, онгоцонд байгаа хүмүүсийн талаар мэдээлэл авахыг хүссэн хүмүүст зориулсан тусгай утас ажиллуулж байна.
Эх сурвалж: BBC News