Хөдөлмөрийн Үндэсний Намын нийслэл, дүүргийн төлөөлөгчид хүүхдийн паркийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Иргэд байгалийг хүсэж байна. Паркийн газарт хүүхэд очиж усанд хөлөө дүрж, зүлгэн дээр тоглохыг хүсэж байна. Улаанбаатар хотын ногоон байгууламж хүн орохын аргагүй хашсан. Ажлын хэсэг хуралдаад НИТХ-д энэ асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах тогтоолыг хэлэлцүүлэхээр болсон. Ерөнхий мэдээллийн сонсголыг зохион байгуулснаар иргэдийн саналыг нийслэлийн удирдлагуудад хүргэх боломж бүрдэнэ.
Хотын дарга иргэдийн саналыг сонсож байж ажлаа хийх нь хамгийн энгийн логик. Энэ утгаараа НИТХ дээр болох сонсголыг хүлээж байж паркийн асуудлыг шийдэх байх гэж бодож байна. Цаашид хотын төвд хүн цугладаг сэдэвчилсэн парк байх уу, цэцэрлэгт хүрээлэн маягаар зохион байгуулах уу гэдгийг шийдэх хэрэгтэй.
Монгол хүн байгальтайгаа ойр байгаасай гэж хүсэж байна" гэдгийг хэллээ.
ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "Хүүхдийн паркийн хашаан дотор 31.4 га газар үлдсэн. Энэ газарт юу хийх вэ гэдгийг иргэд анхааралтай ажиглаж байгаа.
Паркийг ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглах тухай Засгийн газрын тогоол гарсан. Энэ дагуу ашигла гээд хувийн хэвшилд өгөх хэрэгтэй. Эсвэл төр авч бүтээн байгуулалтын ажлыг хийх нь зөв" гэв.
Тус намын гишүүн С.Баярмагнай "30 жил хот төлөвлөлтгүй байсны үндсэн дээр замбараагүй байдал үүссэн. Автомашин тавих зогсоолгүй, хүүхэд тоглох талбайгүй байна. Паркийн хувьд яг ийм байдал үүсээд байгаа юм. Хүмүүс очоод тухтай амарч чадахгүй байна.
Чингэлтэй дүүрэгт 17 тэрбум төгрөгөөр шинэ хороо болон бусад ажлыг хийхээр төлөвлөсөн. Гэр хороололд хүүхэд тоглох газар алга. Тиймээс хүүхдэд зориулсан тоглоомын талбай хэрэгтэй байна" гэлээ.