Өнгөрөгч баярын өдрүүдэд гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга "Цагдаагийн байгууллагаас "Зөвийг зөвлөе" арга хэмжээг гуравдугаар сарын 4-21-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллаа. Энэ хугацаанд улсын хэмжээнд 2191 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 354 нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна.
Хэргийн төрлөөр авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг ес, хүний амь нас бусад байдлаар хохирсон 28 тохиолдол буюу архины хордлогоор зургаа, осгох байдлаар дөрвөн хүн нас барсан. Нийт 410 хулгайлах гэмт хэрэг гарснаас 32 нь согтуугаар үйлдэгдсэн. Хүчиндэх 24 хэргээс согтуугаар есөн гэмт хэрэг нь үйлдэгдсэн байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хүн амины хэрэг хоёр бүртгэгдсэн. Энэ хугацаанд 4331 хүн эрүүлжүүлэгдсэн" гэв.