Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэн Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүллээ. Шаардлага хүлээн авах үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор н.Ариунболд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Сэтгүүлчдийн тавьсан шаардлагыг хүлээн авч байна. Хөгжлийн банктай холбоотой асуудалд 2016 оноос хойш шалгаж, тодорхой хэргүүдэд ажиллагаа хийж, шийдэгдсэн.
2022 оноос хойш Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага эрчимтэй шалгаж байна. Тодруулбал, хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 44 хэрэгт 74 ААН-ийг шалгаж байна. Хоёр их наяд 383 тэрбум төгрөгийн зээл олголт хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаалт, авлига авсан эсэх зэрэгт мөрдөн байцаалт явуулж байна.
Мөрдөн байцаалт явуулж буй 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд байна. Найм нь ААН-ийн удирдлага алба хаагчид. Эрүүгийн хэрэг шалгах явцад 11 хүнийг цагдан хорьсон. 641 ширхэг үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн, мөн 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг зогсоосон" гэлээ.