"Тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэл" хэлэлцүүлэг МҮХАҮТ-д эхэллээ. Хэлэлцүүлгийн модератораар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын дарга Дүүрэн, "Премиум групп"-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар оролцож байна.
Төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн хугацаа 1-3 жил байдаг. Энэ нь богино байна гэсэн хувийн хэвшлийн гомдол шүүмжлэл их байдаг тул энэ хугацааг уртасгана гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэв. Тэрээр Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан. Энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Энэ үеэр "Премиум групп"-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг, "Гадаад орчид бидний таамаглаагүй үйл явдлууд өрнөсөөр байна. Ийм үед төрийн оролцоо их чухал. Экспортоо хурдан сэргээхгүй бол гадаад валютын албан нөөц буурлаа. Эдийн засгаа хэрхэн эрчимжүүлэхэд голлон анхаарах ёстой. Рио Тинтотой хийсэн хэлцэл хөрөнгө оруулалтын орчинд манай улсыг эергээр харууллаа. Энэ нөхцөлийг зөв ашиглах ёстой" гэлээ.