ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Захиргааны ерөнхий хууль зөрчиж журам баталсан асуудлаар МҮМУУХ-ноос мэдээлэл хийлээ.
Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд "Х.Нямбаатар сайд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг ялгаж уралдуулах журам баталсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байгаа юм. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан.
Хууль зүйн сайдын хэм хэмжээ хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа. Хүчин төгөлдөр бус актыг мөрдүүлж хэрэгжүүлбэл үүсэх үр дагаврыг тухайн төрийн байгууллага, албан тушаалтан үүрэх ёстой.
2019 оноос хойш Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна.
Ерөнхийлөгч Монголчуудын тусгаар тогтнол монгол адуутай салшгүй холбоотой, Монгол наадмын үеэр шударга ёсыг зөрчсөн хүмүүст хатуу хариуцлага тооцох талаар хэлсэн. Төрийн бодлого нэг байх ёстой. Гэвч Х.Нямбаатар хууль бусаар журам гаргаж, эрлийз морины талд ажиллаж байна. Хууль зүйн сайд хууль дээдлэх зарчмаа хэрэгжүүлэхгүй нийтээр дагаж мөрдөх хэмжээ гаргаж байна.
Хэсэг бүлэг хүмүүс уралдааны хоёр ангилалд эрлийз морь уралдуулахаар зүтгэж байгаа юм. Нэг хэсэг нь нөгөө хэсгийнхээ эрхийг зөрчиж байгаа нь ардчиллын зарчим алдагдаж байна.
Х.Нямбаатар сайдыг энэ асуудлаар шүүхэд өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.