
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм өөрийн Инстаграм хаягаа Харьков хотод ажилладаг Украины эмчид шилжүүлжээ.
Ням гарагийн турш хөлбөмбөгчний Инстаграм мөргөлдөөн дундах хүүхдийн эмч, бүс нутгийн төрөх эмнэлгийн дарга Иринагийн оруулсан бичлэг, фото зургуудаар дүүрэн байлаа. Ажлынхаа нэг өдрийг хэрхэн өнгөрч байгаа болон дайны хөлд өртөж буй энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд хэрхэн хохирч буйг Ирина зураг, бичлэгээрээ харуулсан юм.
Дэвид Бекхэмийн Инстаграм хуудас нийт 71.5 сая дагагчтай. Ирина Дэвид Бекхэмийн Инстаграм хаягийг шилжүүлж авсан дороо Оросын түрэмгийллийн эхний өдөр бүх жирэмсэн эмэгтэйчүүд болон дөнгөж төрсөн эхчүүдийг нүүлгэн шилжүүлсэн давчуу хонгилыг үзүүлжээ. Түүний дараагаар UNICEF-ээс хандивласан хүчилтөрөгчийн үүсгүүрт эрчимт эмчилгээний тасагт байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн гэрэл зургийг нийтэлсэн байна. Мөн төрөлхийн амьсгалын бэрхшээлтэй, хүү Михайлогоо тэвэрсэн залуу ээж Янагийн зургийг оруулжээ.
Ирина 24/7 гэсэн хуваариар буюу ямар ч амралтгүй ажилладаг гэдгээ хэлээд "Бид амьдралаа эрсдэлд оруулж байгаа байх, гэхдээ бид энэ талаар огт боддоггүй. Бид ажилдаа дуртай. Энэ байгаа эмч сувилагч нар бүгд л санаа нь зовж, нулимс дуслуулж байна. Гэхдээ бидний хэн нь ц бууж өгөхгүй" гэж хэлжээ.
2005 оноос хойш UNICE-ийн элчин төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Бекхэм дагалдагчдадаа Украин дахь гэр бүлүүдийг цэвэр ус, хоол хүнсээр хангах, төрөх эмнэлгүүдэд хэрэглэхэд бэлэн иж бүрдэл хүргэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг үргэлжлүүлэх зорилгоор ажиллаж буй буяны байгууллагад хандив өргөхийг уриалсан юм.
"Таны хандивын ачаар тэдний хүлээн авсан хүчилтөрөгчийн генераторууд шинэ төрсөн хүүхдүүдийг хүнд нөхцөлд амьд үлдэхэд тусалж байна" гэж Дэвид Бекхэм уриалгадаа хэлжээ.
Украины хоёр дахь том хот болох Харьков гурван долоо хоногийн турш Оросын гол бай болж байна.