УИХ дахь АН бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, "Өнгөрсөн долоо хоногт хаврын чуулган нээлтээ хийсэн. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцлээ. Нэгдүгээрт, Хяналт шалгалтын хуулийн талаар мэдээлэл авлаа.
Хоёрдугаарт, Хөгжлийн банкны зээлийн талаар мэдээлэл авлаа. Хяналт шалгалтын хуулиар буюу нийтдээ 19 гишүүн дэмжсэн бол Хяналт шалгалтын хороог нэг асуудлаар байгуулж болно гэж заасан байдаг. Үүнийг гуравны нэг нь заавал цөөнхөөс байна гэж заасан байдаг. Хяналт шалгалтын түр хороог зөвхөн нэг асуудлаар байгуулна. Энэ сарын 29-нд нийтийн сонсгол явуулна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байна. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Хяналтын түр хороо байгуулах нь зүйтэй хэмээн үзэж цөөнхийн гишүүдээс тав нь гарын үсэг зурсан. Өнөөдөр Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэх биш эсрэгээрээ маш зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь удаа дараагийн шалгалтаар харагдсан. Энэ асуудлаар Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй байна. Иймээс Хяналт шалгалтын түр хороо байгуулагдвал асуудлыг арай өөр түвшинд хэлэлцэнэ гэж бодож байна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, "Намрын чуулганаар шинээр хоёр яам байгуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус яамдын сайдыг томилоогүй байна. Тус яамны сайдыг хурдан шуурхай томилох асуудлыг бид тавьж байна. Өнөөдөр тус хоёр яамыг Сангийн сайд, Боловсролын сайд нар хавсран ажиллаж байна. УИХ-ын гишүүн сайд хийх гээд зүтгээд байх шаардлага байхгүй. Тийм учраас МАН хоёр яамны сайдыг томилох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Хоёрдугаарт, Ковидын бүх хязгаарлалтыг цуцалсан. Гэтэл Ковидын хууль нь хүчин төгөлдөр хэвээр байна. Иймээс Ардчилсан намын бүлгээс Ковидын хуулийг цуцлахыг шаардана. Өнөөдрийн нөхцөл байдлыг Гамшгийн хуулиар зохицуулах боломжтой гэдгийг УИХ-ын дарга хэлсэн. Энэ удаагийн УИХ сүүлийн жилийн хугацаанд Ковидын хуулиар бүх эрх мэдлийг Засгийн газарт өглөө. Үүний цаана маш их хууль зөрчигдөж байна. Иймээс УИХ дахь АН-ын бүлгээс Ковидын хуулийг цуцлах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ" гэсэн юм.