Зэвсэг, хүмүүнлэгийн коридор нээх тухай саналд Украин Москвагийн цагаар өглөөний 05 цаг гэхэд хариу өгөх ёстой гэж Орос мэдэгдэв.
Мөн Украины цэргүүд Москвагийн цагаар Даваа гарагийн 02 цаг гэхэд зүүн нутгийн боомт хот Мариуполь бууж өгөх ёстой гэж Оросын тал мэдэгдлээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский CNN-д ярилцлага өгөхдөө "Энэ дайныг зогсоох цорын ганц арга зам бол хэлэлцээр" гэж мэдэгдсэн. Өнгөрсөн сард Оросын цэргүүд Чернобылийн станцыг эзлэн авснаас хойш ажиллаж байсан ажилтнуудын тал орчим хувийг Украины цэргүүд чөлөөлж авсан байна. Өчигдөр буюу Ням гарагт Украины хотуудаас нийт 7295 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Украины Шадар сайд мэдэгдээд, хүмүүнлэгийн долоон коридорын дөрөв нь ажиллаж байгааг дурджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь байлдааны ажиллагаа өрнөж буй Мариуполь хотын бууж өгөх хугацааг өглөөний 5 цагт тогтоосноо наашлуулах болсон шалтгаанаа дурдаагүй байна. ОХУ-ын Батлан хамгаалахын удирдлагын төвийн дарга, хурандаа генерал Михаил Мизинцев ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Зэвсгээ тавь, хүмүүнлэгийн аймшигт сүйрэл болж байна. Зэвсгээ тавьсан хүн бүр Мариуполоос аюулгүй гарах баталгаа өгнө" гэсэн юм. Орон нутгийн албан тушаалтнууд бууж өгөх нөхцөлийг зөвшөөрөхгүй бол "цэргийн шүүх"-ээр шүүх болно гэж Мизинцев нэмж хэлжээ. Харин Украин бууж өгөх "ямар ч асуудал" байж болохгүй гээд Шадар сайд Ирина Верещукт тавьсан саналыг няцаасан юм.
Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещукийн хэлснийг "Украинская правда" дамжуулсан бөгөөд тэрээр “Бууж өгөх, зэвсгээ тавих тухай яриа байхгүй. Бид энэ талаар Оросын талд мэдэгдсэн. Нийт найман хуудас захидалд цаг алдахын оронд зүгээр л хүмүүнлэгийн коридороо нээх хэрэгтэй" гэж бичсэн гэжээ.
Эх сурвалж: Aljazeera