Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглах нь гэсэн мэдээлэл нийгэмд цацагдаад буй. Тэгвэл энэхүү мэдээлэл нь ор үндэслэлгүй ташаа бөгөөд өнөөдрийг хүртэл зориулалтын бусаар ашигласан талбай хүүхдийн паркад байхгүй ажээ.
Нийтдээ 31 га газартай Үндэсний соёл амралтын хүрээлэн нь нэгдүгээр ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн энэ ондоо багтаж дөрвөн шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин таван шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөжээ.
Харин хүүхдийн паркийн үлдсэн газарт Хөгжүүлэлтийн хоёрдугаар шатыг энэ онд эхлүүлж, гурван жилийн хугацаанд төслийг дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих аж. Харин үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн загвараар хөгжүүлэх юм байна.
Хөгжүүлэлтийн II шатны ногоон байгууламжийн хэсэг нь байгаль орчны инженерчлэл бүхий плаза загвартай сүүдрэвч, нуур, задгай спорт талбайнуудтай байх бөгөөд хүүхэд залууст жилийн дөрвөн улирлын турш үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээрээ онцлог юм.