Бага насны хүүхдүүдийн хувьд шүд бөөгнөрч, муруй, далий ургах зэрэг эрсдэлүүд бий болдог. Үүнийг аппарат зүүхгүйгээр бага насанд нь хэрхэн засах боломжтой байдаг талаар Удвал дент хүүхэд, гэр бүлийн шүд эрүү нүүрний эмнэлгийн нүүр амны их эмч, анагаах ухааны магистрант Г.Золжаргалаас тодрууллаа.
Тэрбээр "Бид хүүхдийн шүд муруй далий ургах буюу бөөгнөрч ургах гэж хэлээд байгаа. Энэ тохиолдолд ерөнхийдөө хүүхдийн нүүр ам судлалын салбарт 6-10 насанд тэлэгч зэмсгийн тусламжтайгаар гажиг заслыг эмчилгээг урьдчилан сэргийлэх зөв залж чиглүүлэх бүрэн боломжтой байдаг. Манай эмнэлэг дээр ирдэг эцэг эхчүүдийн ихэвчлэн ханддаг шалтгаан нь зургаан настай хүүхдүүдийн шүд солигдохын үед сүүн шүднүүд тэгшхэн байсан чинь байгаа шүд нь бөөгнөрөөд ургачихлаа гэсэн шалтгаанаар ирдэг.
Шүд бөөгнөрч ургах хэд хэдэн шалтгаан байдаг. Нэгдүгээрт удамшлын шалтгаантай байж болно. Хоёрдугаарт буруу зан үйлийн шалтгаантай. Гуравдугаарт эрүү нүүрний гажиг юм уу хам шинжүүд хавсарсан үед эрүү нүүрэнд гажиг үүсдэг байгаа. Орчин үед хатуулаггүй хоол хүнс буюу зөөлөн хоол хүнс түлхүү хэрэглэдэг. Бал зуух, амандаа юм зуух, шанаагаа тулах, хэлээ хөхөх, уруулаа хөхөх гэдэг шалтгаанаар шүдэлж байгаа шүднүүдийн байрлалын гажиг өөрчлөгдөх шалтгаантай үүсдэг байгаа.
Гажиг заслын эмчилгээг ихэвчлэн эцэг эхчүүд 13 нас хүрээд том болохоор хийнэ гэж боддог. Ингэж хийх нь ирээдүйд эмчилгээний хугацаа уртсах, үр дүн багасах, брикет аппарат зүүх, үр дүн хугацаа хэтэрхий хоцрох тохиолдлууд их байдаг. Тэгэхээр бага насанд буюу өсөлт хөгжлийн 6-10 насанд идэвхтэй залаад өгчих юм бол ирээдүйд гарах үр дүн нь илүү хялбар хөнгөн болно, эмчилгээний хугацаа богиносно гэсэн үг.
Нэг зэмсгийн эмчилгээ 6-8 сар явагддаг. Тасралтгүй нэг зэмсгийг зүүгээд шууд засарна гэдэг ойлголт байхгүй. Хүүхдийн өсөлт хөгжлөөс шалтгаалаад 2-3 жил үргэлжлэх тохиолдлууд байж болно гэсэн үг. Бид өдөр тутамдаа хатуулагтай, мэрж зажилдаг илүү их булчингийн хөдөлгөөн шаардсан хоол хүнсийг түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Булчинг ачаалуулж байж бидний эрүү, нүүрний өсөлт хөгжил зөв явагдана. Илүү идэвхтэй, дэмжлэг болж өгнө. Аппаратаа зүүх нь байна. Дээрээс нь зан үйлээ засах нь байна. Өдөр тутмын зан үйлүүдээ илүү сайжруулах нь байна гэсэн үг. Зан үйлийг эрт зассанаар зуулт болон гоо зүйн хувьд залгих болон зажилах үйлийн хувьд илүү их хурдан засрах боломжтой" гэж зөвлөлөө.