Сурталчилгаа
Голомт банк Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд голлон анхаарч, үе шаттай ажлууд хийх юм. Жижиг, дунд үйлдвэрлэл нь аливаа улс орны эдийн засагт, тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ажил эрхлэлтийн 40, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг гэсэн Дэлхийн банкны судалгаа бий. Манай улсын хувьд Үндэсний статистикийн хороонд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 77 хувь нь жижиг дунд үйлдвэрлэгч бөгөөд нийт ажиллах хүчний 72 хувь нь тус салбарт ажиллаж байгаа юм. Уг салбарыг эрчимтэй дэмжсэнээр ядуурал, ажилгүйдлийг бууруулж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасгах чухал ач холбогдолтой.
Тиймээс Санамж бичгийн хүрээнд талууд бизнесийн орчныг сайжруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн боловсролыг сайжруулах сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулан ажиллах юм байна.
Голомт банкны тухайд хувиараа бизнес эрхэлдэг бүсгүйчүүдийг байнга дэмжин ажилладаг бөгөөд 2021 онд бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх цуврал сургалт зохион байгуулж, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох замаар үйл ажиллагааг нь дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарсан. Энэ үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Сүүлийн 2 жилийн хугацаанд ковид-19 цар тахлын сөрөг нөлөө жижиг дунд бизнес эрхлэгчид, ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд илүү хүнд туссан. Голомт банкны хувьд ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгчдийн хийсэн бараа, бүтээгдэхүүн дээр таних тэмдэг байрлуулдаг жишиг олон улсад бий. Ингэж таниулж байж, тэдний бараа бүтээгдэхүүнийг хүмүүс илүү худалдан авч дэмжин, улмаар үйлдвэрлэл нь өргөжих боломжтой болдог. Тиймээс Голомт банк МҮХАҮТ-тай хамтраад энэ хүрээнд шат дараатайгаар олон ажил хийхээр зорьж байна” гэлээ.
Мөн уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, кластер хөгжил болон тогтвортой санхүүжилтийг дэмжих, төрөл бүрийн материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг онлайн болон биет хэлбэрээр зохион байгуулах нь Санамж бичгийн хүрээнд хийх бас нэг гол ажил байх юм.