“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. Энэ үеэр "Шударга журам" медалиар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Даваасүрэнгийн Хүчитбаатарыг шагналаа. Тэрбээр 15 настай, ҮБХИС-ийн харьяа "Тэмүүжин өрлөг" ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч юм. Түүний сууж явсан автобусанд гэнэт гал гарч, автобусны урд талын жижиг хаалгаар хүмүүс сандран гүйж гарахад ахмад настан, балчир хүүхдүүдэд тусалж, галыг унтраахад тусалсан байна. Сурагчийн ачаар хэн ч гэмтээгүй юм.