Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Т.Аубакир энэ сарын 22-нд болох Наурызын баяртай холбогдуулан нийт казах түмэнд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн түүчээлж ирсэн Монгол эх орныхоо өнцөг булан бүрд суугаа казах зон олондоо айлчлан ирж буй нарны баяр Наурызын баярын халуун мэндийг айлтган мэндчилье. Өдөр шөнө тэнцэж урин дулаан цаг наашилж орчлонгийн нэгэн сайхан улиралтай золгож буй энэ мөчид та бүхэнтэйгээ УИХ-ын хүндэт индэр дээрээс мэндчилж байгаадаа баяртай байна.
Энэ жил бид анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Эдүгээ казах түмэн бид уламжлал, соёлоо тээн авч үлдэж эрх тэгш боломжоор хангагдан улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан улс орныхоо эд эс нь болсон бахархалт түүх бүтээлцэж яваа түмэн билээ.
Өнгөрсөн жилийн баяраар энэхүү хүндэт индрээс цар тахлын амаргүй цагийг бид туулж байгаа талаар дурдаж байсан цаг саяхан. Хүнд хэцүү цаг ард хоцорч хүн зооны нуруу тэнийнэ гэдэгт итгэлтэй байна. Удахгүй хэвийн амьдралдаа орно. Ингэхийн тулд төр Засгийнхаа шийдвэрийг ажил хэрэг болгоход дор бүрнээ хичээн зүтгэж, хувь нэмрээ оруулан, туурга тусгаар улсынхаа хөгжил цэцэглэлтэд эв хамтаар зүтгэцгээе хэмээн уриалж байна. Та бүхэнд Наурызын баярын мэндийг дахин дэвшүүлье" гэлээ.