Оросын арми дайнд ашиглахыг бүрэн хориглосон тэслэгч эрвээхий хэмээн нэрлэгддэг PFM-1 тэсрэх бөмбөг ашиглаж байна. Уг тэсрэх бөмбөг нь тоглоом шиг харагддаг учир хүүхдүүдэд онцгой аюултай аж.
Олон улсын хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллээр Украины мөргөлдөөнд сүйдсэн хэд хэдэн бүс нутгаас “тэслэгч эрвээхий” олдсон тухай нийтэлжээ. Олон улсын хэмжээнд хориглосон жижгэвтэр мина буюу тэсрэх бөмбөгийг Оросын армийнх гэж үзэж байна. Мюнхен дэх Бундесверийн их сургуулийн цэргийн шинжээч Карло Масалагийн тайлбарласнаар эдгээр жижиг тэсрэх бөмбөгнүүд нь үндсэндээ энгийн иргэдэд чиглэсэн нууц зэвсэг гэж тооцогддог. Тэдгээрийг ашиглах нь "энгийн ард түмний эсрэг терроризм" гэдгийг онцлон дурджээ. Тэрээр Германы долоо хоног тутмын Stern сэтгүүлийн подкастад оролцохдоо ийнхүү тайлбарласан байна.
DW-ийн баримт шалгах баг Орос Украинд “тэслэгч эрвээхий”-г ашиглаж байгаа эсэхийг судалжээ. Одоогоор онлайнаар тархаж буй зургууд нь Украиных биш бөгөөд хуучирсан гэдгийг тогтоогоод байна.
“Тэслэгч эрвээхий”-н зургууд хэзээнээс нийтлэгдэж эхэлсэн бэ?
2022 оны 2-р сарын 26-ны өдөр хэд хэдэн мэдээллийн сайтууд Украинд “тэслэгч эрвээхий” тэсрэх бөмбөг ашиглаж байна гэх мэдээлэл цацагджээ. Украинская Правда, Польшийн Мэдээ, Перлид зэрэг хэвлэлүүдээр ийм мэдээлэл цацагдсан аж. Үүний зэрэгцээ зарим олон нийтийн сүлжээ, Twitter дээр гарч ирсэн бөгөөд ихэнх нь дээр нэр дурдсан хэвлэл мэдээллийн мэдээллүүдийг иш татсан байжээ.
Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээллүүдэд “тэсрэгч эрвээхий”-н нэг ижил зургийг ашигласан. Зургаар нь хайж үзэхэд зургаан жилийн өмнө интернет сүлжээнд, тодруулбал Google-ийн хайлтад орж ирсэн зураг байгаа аж.
Тодруулбал, 2016 онд Украины "novynarnia.com" мэдээллийн сайтын нийтлэлд ашигласан зураг байна.
Хамгийн сүүлд 3-р сарын 10-нд АНУ-ын Форбес сэтгүүл Мариуполь мужид PFM-1 тэсрэх бөмбөг ашигласан талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Ингэхдээ бүслэгдсэн хотоос гарах иргэдийн нүүлгэн шилжүүлэх замыг хаахад ашигласан гэж олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс (ОУУЗХ) иш татсан байна.
Дайны бүсээс илрүүлсэн гэгдэх PFM-нэг тэсрэх бөмбөгнүүдийн одоогийн зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд ч байхгүй. Үүнийг Bellingcat судалгааны сүлжээ баталсан юм.
Сонирхуулахад, PFM-1 нь үндсэндээ хуванцраар хийгдсэн бөгөөд 12 см урт (ойролцоогоор 4 инч), 6 см өргөн, жижгэвтэр тэсрэх бөмбөгтөө ордог. Эрвээхий шиг хэлбэртэй учир “тэслэгч эрвээхий”, ихэвчлэн хар ногоон өнгөтэй байдгаас нь үүдэн "ногоон тоть" гэхчилэн янз бүрээр нэрлэдэг. Орос, Украинд "лепесток" буюу "дэлбээ" гэж нэрлэдэг байна.
Эх сурвалж: DW News