68 настай Ирина Протченко Украины төв хэсэгт байрлах жижиг орон сууцандаа тууштай ажиллаж, оёдлын машинаараа цэрэг эрсийн өмсөх хувцас болон хамгаалалтын хантааз, хэрэглэлийг оёж байна.
Тэрээр Киев хотын захын нэгэн үйлдвэрээс тэтгэвэртээ гараад удаагүй байгаа ба Hugo Boss, Lacoste зэрэг брэндүүдийн костюм, пальто оёх ажлыг 50 жил хийжээ. Одоо тэрбээр хүүхдүүд, ач зээ нарынхаа хамт эх орноо Оросын түрэмгийллээс хамгаалахаар явж буй цэргүүдэд даавуун хүрэм, сум нэвтэрдэггүй хантааз ийнхүү оёж байна.
Ирина Протченко CNN-ийн сэтгүүлчид "Би хуриманд зориулж гоёлын смокинг оёх ёстой байтал цэргүүдэд хантааз оёж сууна. Энэ хантаазнуудын нэг нь өмссөн цэргийнхээ амийг аврах юм бол надад ирэх хамгийн том шагнал болно" гэж хэлжээ. Оёж дууссан хантааз бүрээ Украины нэг ялалт гэж тооцдог гэдгээ Ирина онцлон хэлсэн байна.
Цэргийн хувцас хэрэглэл, хамгаалалтын хантааз оёх энэ ажиллагаа нь даавуу, утас, зарим мөнгөн хандив хэлбэрээр ирсэн хандиваар бүтэж байгаа юм. Хамгаалалтын хантаазны дотор байрлах сум нэвтрүүлэхгүй хэмээн хийсэн хавтангууд нь хуучин машинуудаас орон нутгийн механикчдын тасдаж авсан төмөр хэсгүүдээс бүрддэг аж.
Украин бүсгүйчүүд өөрсдийн хийж чаддаг бүхнээ эх орон, гэр бүлээ хамгаалахаар яваа цэргүүддээ зориулан хийж, гэр гэртээ байх оёдлын машинаараа гар аргаар хамгаалалтын хантаазнаас эхлээд дулаан хүрэм, өмд, бээлий ийнхүү оёж байна.
Эх сурвалж: CNN