Лхагва гарагийн шөнө Японы Номхон далайн эрэгт болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван хүн амиа алдаж, 170 гаруй хүн шархаджээ. Газар хөдлөлт эхлэхтэй зэрэгцэн холбогдох албанаас цунамигийн сэрэмжлүүлгийг гаргасан ч удалгүй цуцалсан байна.
Газар хөдлөлт Японы зүүн хэсгийн ихэнх хэсэгт хүмүүсийг сэрээсэн ба Японы газар хөдлөлийн 0-ээс 7 хүртэлх масштабаар 6-аас дээш эрчимтэй байсан гэдгийг албаны мэдээнд дурджээ. Мияги мужийн Ишиномаки боомтод газар хөдлөлтөөс үүдэлтэйгээр 30 см өндөр давлагаа үүсжээ. Фүкүшима, Мияги мужийн эрэг дагуу амьдардаг олон зуун хүмүүсийг хоргодох байр руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд барилга байгууламжийн эвдрэл, гал түймрийн тухай мэдээлэл нэлээн бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн улмаас 2 сая гаруй өрхийн цахилгаан тасарч, галт тэрэгний хөдөлгөөн саатсан байна.
Фукушима болон Широишизао өртөөний хооронд хурдан галт тэрэг замаасаа гарсан гэж Зүүн Японы төмөр замын албанаас мэдээлэв. Азаар 75 зорчигч болон багийн гурван гишүүний хэн нь ч бэртэж гэмтээгүй байна.
Тохоку муж дахь олон галт тэрэгний үйлчилгээ түр зогссон хэвээр байгаа нь зорчигчдыг хүнд байдалд оруулаад байна. Токиогийн цахилгаан эрчим хүчний компани эвдэрсэн Фукушима Дайчи атомын цахилгаан станцад хэвийн бус байдал гараагүй гэдгийг онцлон мэдээлэв.
Фукушима Дайчигийн үйлдвэрт ашигласан түлш хадгалах усан сан дахь усны шахуургууд түр хугацаанд ажиллахаа больсон гэж тус үйлчилгээний газар мэдэгдэв. Гэхдээ цацрагийн түвшинд ямар ч өөрчлөлт гараагүй байна.
Эх сурвалж: NHK