Орос улс хотуудыг бүсэлж, пуужингийн цохилт өгч байна. Өдгөө эх орноосоо дүрвэж буй, дүрвэсэн Украинчууд тоо хэдийн таван саяыг давжээ.
Оросууд Украин руу довтлох ажиллагаа гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Киев, Мариуполь, Чернигов, Харьковын эргэн тойронд бүслэлт чангарч, Оросууд хотын төв рүү пуужингаар харваж, эмнэлэг, сургууль, өндөр байшингуудыг онилж байгаа нь тодорхой болсон.
НҮБ-ын мэдээлснээр одоо гурван сая гаруй украинчууд хөрш орнууд руугаа дүрвэсэн бол хоёр сая нь дотооддоо дүрвэсэн байна. Украины албаныхан олон мянган энгийн иргэд амиа алдсан гэж мэдэгдсэн билээ.
“Хүүхдийн эмнэлэг. Төрөх эмнэлэг. Тэд Оросын Холбооны Улсыг яаж сүрдүүлсэн юм бэ?" гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 9-ний орой хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр хэлсэн. Мариуполь, Житомир хотын эмнэлгүүдийг Оросын армийнхан бөмбөгдсөний дараа тэрээр ийнхүү асуусан юм.
Оросын цэргүүд урагшлах боломжгүй байсан тул 15 км-ийн зайнаас пуужин илгээсэн тул Киевийн төв хэсэгт долоо хоногийн турш бөмбөгдүүлэв.
"Оросын цэргүүд бидний амьдралыг там болгож байна. Хүмүүс өдөр шөнөгүй газар доор хоол унд, ус, цахилгаангүй суухаас өөр аргагүйд хүрлээ” гэж Киев мужийн тэргүүн Олексий Кулеба Украины телевизээр мэдэгдсэн.
Орос Украинчуудад, ялангуяа Мариуполийнхонд сэтгэлзүйн дайралт хийж байна гэж дүгнэх шинжээчид ч байгаа юм. Гуравдугаар сарын 10-нд Оросын агаарын довтолгоо энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридорыг онилж, Оросын цэргүүд тус хот руу чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийн цувааг гуравдугаар сарын 12-нд дээрэмдэж, хоёр хоногийн дараа хүмүүнлэгийн коридорыг хаасан.
Гуравдугаар сарын 12-нд Оросын агаарын довтолгоо зүүнээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байсан баруун чиглэлийн галт тэрэг рүү дайрч, нэг хүн амиа алдав.
Польш, Румын болон Европын Холбооны бусад улс руу зорчиж очсон хүмүүс сүйрэл, ойр дотнын хүмүүсийнхээ үхэл, гэр бүлийнхнээсээ салсан явдлаасаа үүдэн сэтгэлзүйн гүн цочролоосоо салж чадахгүй байгаа аж.
Украины эрх баригчдын зүгээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн цоллож буй. Харин оросууд АНУ, Барууны тавьж буй эдийн засгийн хоригоос үүсч буй сөрөг нөлөөллийг үл харгалзан дайралтаа үргэлжлүүлсээр байна.
Тохиролцоо хийх зорилгоор талуудын хийсэн 4 уулзалт үр дүнгүй болов. Дэлхий даяар оросын өдөөсөн дайныг эсэргүүцэж байгаа ч оросууд энэ бол дайн биш хэмээн мэтгэж, Украинчууд олон улсаас тусламж эрж улс орнуудыг ОХУ-ыг сүрдүүлэх бус илүү бодит шахалт үзүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Aljazeera