Хүүхдийн биед халдаж, зүй бус харьцсан гэх багшийн асуудал олны анхааралд орж, тухайн багш ажлаа өглөө.
Тэгвэл Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчсөн гэх Ж.Соронзон захирлын үйлдлийг хэрхэх вэ?
Хүүхэд цохисон гэх багш Л.Цэрэнбадам үүнд тайлбар хийхдээ, “Ганц алгадахад шуу нь улайсан байна. Хуруун чинээ хүүхэд худлаа ярихгүй учраас би ээжээс нь уучлал гуйлаа. Гэхдээ тэр айхтар зураг шиг улаан гүврүү таттал цохиогүй. Би сурагчаа зодож тийм болгосон гэж хэлэхгүй. Өөр хүн зодсон ч гэж хэлэхгүй. Би мэдэхгүй” гэсэн юм.
Энэхүү асуудлыг тухайн сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.
БШУЯ, Боловсролын ерөнхий газраас сургуулийн орчинд ил далд, их бага хэмжээгээр үйлдэгдэж байгаа хүчирхийллийг таслан зогсооход бүхий л төлөөллүүд чухал үүрэгтэй гэдгийг хэлж, ЕБС-иуд энэ асуудлыг нуун далдлахгүй байхыг Боловсролын ерөнхий газраас уриалсан.
Тэр ч бүү хэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ асуудал дээр байр сууриа илэрхийлээд авав. Тэрбээр "Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрт хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стрессдэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд багшийн зандраанд айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ. Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдаж байна” гэсэн юм.
Тэгвэл Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй "Эрхга" ХХК-тай түрээсийн гэрээ гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөөс 2015-2021 оныг дуусах хүртэл хугацаанд 845,874,070-1,120,987,008 төгрөгийг жил бүр шилжүүлж байсан хэрэг, баримтын хамт дэлгэгдээд байхад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нэг үг цухуйлгаагүй. Ж.Соронзон захирлын асуудалд ч мөн сурагчидтай зүй бус харьцдаг гэх асуудал сөхөгдсөн. Үүнийг захиалгын байж болзошгүй хэдэн эцэг эхчүүд, байх ёстой дектатур гэж өмөөрч байсан нь саяхан.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан та, энгийн сургуулийн, жирийн багшийн асуудалд ийнхүү байр сууриа илэрхийлж, оролцсон шигээ олон хүүхдийн эрх ашгийг зөрчиж, хувьдаа мөнгө шамшигдуулсан гэх "авлигач" Ж.Соронзон захирлын асуудалд байр сууриа илэрхийлж, анхаарна уу!! Мөнгөтэй, эрх мэдэлтэйг нь харж үзэх, мөнгөгүй, эрх мэдэлгүй жирийн багшид хариуцлага тооцох нь шударга гэж үү?