Бага ангийн, ялангуяа нэг, хоёрдугаар ангийн сурагчдад хичээл заах нь эцэг эх асран хамгаалагчдын туулдаг амаргүй даваа. Хичээлийг нь давтуулах, гэрийн даалгаврыг хийлгэх цагаа, “Дайны цаг” гэж нэрийдэх ээж аавууд ч бий. Хүүхдэд хичээл хийх хэцүү, заах нь ч хэцүү гэдэг ойлголт буюу айдсыг томчууд өөрсдөө, өөртөө болон хүүхдэдээ бий болгодог байна. Бид сэтгэл судлаач Б.Алтанзаяагаас бага насны хүүхдэд зандарсан байдлаар хичээл заах нь ямар хор уршигтай, тэдний сурах арга барилыг сайжруулахад сэтгэл зүйн хувьд юун дээр анхаарах ёстойг тодрууллаа.
-Бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд зайлшгүй анхаарах зүйлс юу вэ?
-Хамгийн түрүүнд хүүхдийн зан төлөв, авир араншинг тодорхойлон ажиллах ёстой байдаг. Ямар ч харилцаанд хүүхдүүд өөр өөрийн онцлогоор харилцдаг шүү дээ. Хүүхдийн чадвар, чадамжийг нэмэгдүүлэхэд ч мөн адил араншин маш чухал. Хүүхдэд дөрвөн төрлийн араншин байдаг гэж үзэж болно. Үүнийг Хлорик, Сангивиник, Флегматик, Меланхолик гэж хуваана.
- Хлорик араншинтай хүүхдүүд манлайлах чадвартай, манлайлах хүсэл эрмэлзэл өндөр, их яриасаг, хөдөлгөөн ихтэй байдаг. Мөн багшийн үгэнд илүү анхаарч, урдуур суух хандлагатай.
- Сангивиник араншинтай хүүхдүүд сэргэлэн цовоо нийтэч, яриасаг багшийн хэлж ярьж байгаа зүйлсэд бус ангийн хүүхдүүдийнхээ ярианд илүү анхаардаг. Найз нөхдийн харилцаа ангийн уур амьсгал, багшийн харилцаанаас шалтгаалан сангивиник хүүхдүүд өөрийгөө үнэлж байдаг.
- Флегматик араншинтай хүүхдүүд бол чимээгүй, дүнсгэр, багшийн өгсөн даалгаварт илүү ач холбогдол өгч, үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарладаг. Аливаа зүйлд Маш нухацтай хандах гэж хичээдэг. Самбарын өмнө гаргах нь тэдэнд дарамт болно. Мөн анхаарал төвлөрөлт удаан байдаг.
- Меланхолик араншинтай хүүхдүүд нь удаан, чимээгүй, дотогшоогоо байх нь бий. Ерөнхийдөө эмзэг мэдрэмтий хүүхдүүд гэсэн үг. Анхаарал төвлөрөлт нь гэр бүлийнх нв байдалтай нягт холбоотой болоод ирдэг. Мөн багшийн харилцаанаас чимээгүй дөлдөг ба шинэ орчинд орохдоо айж мэгддэг.
Хүүхдийн сэтгэл зүйгээр нь ингэж хуваадаг учраас араншинд нь тохируулан харилцах нь хүүхдийн хүмүүжлийн хамгийн том суурь болдог.
-Хүүхдээ хичээлээ хийж чадахгүй байна гээд цохиж, зандардаг хандлагын үр дагавар юу вэ?
Ямарч тохиолдолд хүүхдэдээ гар хүрэх нь, тэдний ирээдүйд маш том хар толбо үлдээж байгаа гэсэн үг л дээ. Гэвч манай эцэг эхчүүд багадаа өөрсдөө хүндхэн шийтгүүлдэг байсан шүү дээ. Хүүхдийн хүмүүжлийн суурь үе бол 0-6 нас байдаг. Энэ үедээ цохиулдаг, чангаар загнуулдаг байсан бол ирээдүйд энэ байдлаа хаяж чадахгүй гэсэн үг. Хичнээн том болоод хүүхдээ цохихгүй гэж хичээсэн ч гар нь бодлоосоо түрүүлчихдэг. Хэд хэдэн удаа хүүхдээ чангаар цохиж гэмтээж байсан бол таны хүүхэд ирээдүйд хийх сонголтоо өөрийнхөө төлөө биш бусдын төлөө хийнэ гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр эцэг эхчүүд маань багадаа ийм гэмтэлтэй байсан бол эхлээд өөртэйгөө ажиллаж эхлэх хэрэгтэй. Хүүхэд сургуульд орох хүртэл их хугацаа байгаа шүү дээ. Үнэхээр хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй бол эвээр хичээл хийлгэх олон өөр арга байгаа гэдгийг олж харах, судлах хэрэгтэй.
-Ямар арга барил хэрэглэвэл хүүхдийн хичээлээ ойлгох байдал нэмэгдэх вэ?
-Сургуульд бэлдэх бэлтгэл, суурийг нь маш сайн тавьж өгөх хэрэгтэй. Хичээл хийнэ гэдэг нь бүр үнэхээр хэцүү, ял мэт ойлгуулж хэрхэвч болохгүй. Энэ хандлагыг хүүхэд заавал сургуульд орохоороо л авдаггүй. 4,5 наснаасаа авч эхэлж аваад байдаг. Аав ээжүүд маань, “хичээлээ хийгээрэй, юм бичээрэй, одоо удахгүй сургуульд орно шүү дээ. Ааяаяа сургуульд ч бид хоёр ёстой хэцүүхэн байх байх даа" гэх зэрэг яриа нь хүүхдээ болон өөрийгөө айлгачихдаг. Огт урьдчилан бэлддэггүй гэсэн үг л дээ. Айдас томорсоор биелэлээ олоход хүүхдээ цохиж шийтгэдэг, зарим нь зугтаадаг, эсвэл багшид найддаг. Аав ээжүүд маань эхлээд хичээл хийх сонирхолтой хүүхдийнхээ онцлогт тохирсон арга барилыг багшийн тусламжтай олох эрх хайх хэрэгтэй.
Мөн хүүхэддээ итгэх хэрэгтэй, тусгайлан цаг гаргах нь зүй. Бид нийгмээрээ л аливаа зүйлийг буруу хийвэл хатуу шийтгэнэ гэх ойлголттой байсан шүү дээ. Одоо энэ хатуу шийтгэл сэтгэл зүйд муугаар нөлөөлж ирээдүйд гарах үр дагавар нь хэд дахин хүнд гэдгийг харж байгаа, эцэг эхчүүд өөрсдөө мэдэрч байгаа байх. Гэвч Хэд хэдэн хүн засахыг оролдоход хажуу талаас нь хүмүүс, “өө зүгээрээ ийм зүйл байдаг шүү дээ хэвийн зүйл ээ” гэж дайрч байдаг нь их сонин. Яагаад бид сөрөг сэтгэл хөдлөлөө биеэрээ илэрхийлэх ёстой гэж. Бидэнд хэл ам байдаг шүү дээ. Багш нар тэр болгон хүүхдүүдтэй муухай харилцдаггүй. Эцэг эхчүүд маань өөрсдөө яаж харилцаж байгаагаа харах хэрэгтэй. Зарим аав ээж нар үнэхээр хэцүүхэн үг хэлээр хүүхдээ хүмүүжүүлж байдаг. Энэ хүүхэд ингэж л ойлгоно гээд өөрсдийнхөө тархинд кодолчихсон байдаг нь харамсалтай.
Сургуулийн сэтгэл зүйч гэдэг нь ганцхан хүүхэдтэй ажиллах хүн биш шүү дээ. Сурагчдын ар гэр, сургуулийн бүх ажилчидтай ажиллана. Тэгэхээр сэтгэл зүйчид л их дутагдаж байна гэж хардаг.