Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн өвчлөлийн байдлын талаар "Бид хүүхэд, эх, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээ олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчилсэн. Бодитой хөрөнгө оруулалтууд хийж байна.
Энэ оны улсын төсвөөр Хүрээ амаржих газрын байрыг шинэчилнэ. Мөн ЭХЭМҮТ-ийн барилгыг засна.
Томуу, томуу төст өвчний сүүлийн таван жилийн тандалтын мэдээллийг та харвал, ковидын хугацаанд бид 21 аймагт лаборатори байгуулснаар тандалт хийх боломжтой болов. Нэг жилд 52 долоо хоног байдаг.
Томуугийн оргил үе 5-7 хоног байдаг. Нийт жилийн 25 долоо хоногт томуугийн тандалт гардаг. Хөл хорио авснаар үр дүнд хүрч болно. Өнгөрсөн арваннэгдүгээр сард эхэлсэн томоо, томуу төст өвчний идэвхжил нэмэгдлээ. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байна.
Зургаан аймагт томуу идэвхэжсэн. Бусад аймгуудад алаг цоог байна. Жилд 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг. Эдгээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Иймд амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авлаа. Эцэг эхчүүд голдуу ажлын бус цагаар хүүхдээ эмнэлэгт авчирч байна. Мөн тэдний дийлэнх нь ЭХЭМҮТ-д хандан, энэ эмнэлгийн ачааллыг нэмдэг. Харин Яармагт шинээр барьсан 500 хүүхдийн ортой эмнэлэг ачаалал багатай байгаа тул энэ эмнэлгээр үйлчлүүлээрэй. Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококын халдвар авдаг. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал нь хүнд байна. Энэ өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийдэг.
Манай улсад хүүхдийн эмч нар цөөн. Улсын хэмжээнд 721 хүүхдийн эмч бий. Энэ чиглэлийн сувилагч мөн дутагдалтай тул Анагаахын их сургуульд шинэ анги нээн, хүний нөөцөө бэлдэж байна.
Тухайн орон нутагт хүүхдийн өвчлөл өсвөл аймгийн захиргаа хөл хорио тогтоох боломжтой. Энэ дагуу зарим аймагт сургууль, цэцэрлэгүүдийг хаасан" гэв.