АНУ-ын ерөнхийлөгч Украин улсад “түүхэн” тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхийлөгч Жо Байдены дэмжсэн тусламжийн арга хэмжээ нь Пентагоны цэргийн тусламжид 6.5 тэрбум ам.доллар, харин дүрвэгсдийг “халамжлах”-д зориулж 6.7 тэрбум ам.доллар өгөх болжээ.
АНУ-ын Сенат Украин болон түүний Европын холбоотнуудад яаралтай үзүүлэх цэргийн болон хүмүүнлэгийн тусламжийг өнгөрсөн пүрэв гарагт эцэслэн зөвшөөрч, уг хуулийн төслийг Ерөнхийлөгч Жо Байденд илгээсэн юм.
Сенатын олонхын удирдагч Чак Шумер хэлэхдээ, "Бид Украинчуудад хоол хүнс, эм тариа, орон байр, Украиныг орхин явахаас өөр аргагүй болсон хоёр сая гаруй дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэхийн тулд 13.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн" гэдгээ онцолжээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ Украинд аюулгүй байдлын болон цэргийн тусламж болгон нэг тэрбум гаруй ам.доллар илгээсэн. Үүнд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах болон танк эсэргүүцэх зэвсгийг оролцуулан "өдөр бүр шинэ ачаа илгээдэг" тухай ерөнхийлөгч Байден хэлсэн байна.
Дэд ерөнхийлөгч Камала Харрис пүрэв гарагт Польшид айлчлах үеэрээ АНУ-аас Украинд хүмүүнлэгийн тусламж болгон 53 сая ам.долларын тусламж үзүүлснээр сүүлийн хоёр долоо хоногийн нийлбэр дүнгээр 107 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн гэсэн үг юм. Өдөр бүр хэдэн арван мянган тонн хүмүүнлэгийн хэрэгсэл, хүнс, ус, эм тариа ачааны машин, төмөр замаар тээвэрлэгдэн Украинд хүрч буй гэлээ.